Сошиал сонин: Обамагийн тархи амраасан амралт

2017 оны 2 сарын 08

Цагаан ордон дахь толгой өвтгөсөн, гарц шийдэл хайсан он жилүүдийн эцэст Барак Обама тархиа амраав бололтой. Зуувин танхим дахь элдэв дүрэм журмаас ангид тэрбумтан найзынхаа хувийн арал дээр кайтсерфингээр зугаацаж буй гэрэл зургууд сошиал хүрээнд эрчимтэй түгж байна. Далайн давалгааг сөрөн бяцхан цаасан шувууны тусламжтай гулсах энэ экстрим спорт нь тэрбумтан бизнесмэн Ричард Брэнсоны ганц хобби нь гэнэ. Тэрбээр 400 гаруй охин компанийг нэгтгэсэн “Virgin Group”-ын үүсгэн байгуулагч билээ.

Номин цэнхэр далайн давалгаанд кайтсерфингээр гулсаж, спортын авьяасаа уралдуулсан богино бичлэгийг Брэнсон блогтоо хуваалцав. Нөхөрсөг тэмцээнд Обама ялсан тухай ч тэр бичжээ.

Харин сошиал хүрээнд экс-ерөнхийлөгчийн зугаа цэнгэлийг янз бүрээр хүлээн авч, хариу илэрхийлж байна. Найман жил их гүрнийг удирдсан гэхэд дэндүү хурдан албан ажлаас хөндийрсөн хэмээн шүүмжилсэн, гомдсон, тунирхсан, басхүү өмгөөлсөн, хамгаалсан сэтгэгдлүүд хөвөрчээ.

Нэгдүгээр сарын 20-нд Дональд Трампын тангараг өргөх ёслолд оролцсоны дараа Барак Обама гэр бүлийн хамт Палм Спрингс ресорт хотыг зорьжээ. Тэнд хэсэг саатсан тэд Москито арлыг зорьж, Ричард Брэнсоны хамт 10 хоног арал дээр тааваараа амарсан гэнэ. Улмаар өнгөрсөн долоо хоногт Вашингтонд эргэн ирж, шинэ байрандаа төвхнөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40736
0 эможи
keyboard_arrow_up