Трамп яагаад эхнэрээ хөтөлдөггүй вэ?
АНУ-ын ерөнхийлөгч болсноос нь хойш дэлхий нийт Дональд Трампын үйлдэл нэг бүрийг анхааралтай ажиж байгаа. Улс төрийн хүрээний эрс огцом шийдвэрүүдээс нь гадна хувийн амьдрал, Цагаан ордны хананы цаана өрнөж буй элдэв сониныг шар хэвлэлүүд чих тавин хүлээх болсон.
Дональд Трампыг тойрсон ээлжит нэгэн сэдэв дэгдсэн нь төрийн тэргүүн яагаад олон нийтийн өмнө тэргүүн хатагтайн гарыг хөтлөхөөс зайлсхийдэг тухай байв. Шалтгааныг нь тодруулахаар body language буюу биеийн хөдөлгөөний хэл, хэлэхүйн бус харилцаа судалдаг мэргэжилтэн өөрийн хувилбарыг дэвшүүлжээ.
Үл хөдлөх хөрөнгийн магнат, одоо бол АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Словенийн модель асан Меланья нар гэрлээд 12 жилийг үдсэн. Гэвч үргэлж биш ч чухал, томоохон арга хэмжээ, олон нийтийн өмнө тэр гэргийнхээ гарыг атгахаас зайлсхийдгийг нь батлах гэрэл зураг цөөнгүй бий. Ердөө өчигдөрхөн Флоридад Air Force One онгоцноос бууж алхах үед тэргүүн хатагтай Меланья нөхрийнхөө гараас атгасан боловч Дональд Трамп тэр дор нь эвтэйхнээр гарыг нь тавиулаад, нөгөө гараараа хүмүүс рүү даллажээ.
Флорида мужийн Палм Бич нисэх буудалд газардсаны дараа /2017.02.06/
Түүний энэ мэт үйлдлийг биеийн хэл судлаач Пэтти Вуд ганцхан шалтгаантай гэж тодорхойлов. Гэр бүлийн харилцаандаа Дональд Трамп удирдагч бөгөөд “альфа эрэгчин” байхыг хүсдэг нь түүний хөдөлгөөн, үйлдлээс харагддаг гэж тэр үзжээ.
Пэтти Вуд “Хосууд гар гараасаа хөтлөлцөн явах нь тэднийг нэгэн бие, цул болгож харагдуулдаг. Харин миний бодлоор Дональд Трамп “Би өөрөө ерөнхийлөгч. Би хүчирхэг” гэж харагдах хүсэлтэй. Энэ бол цэвэр түүний сонголт гэдэг нь тодорхой” хэмээснийг Mail Online мэдээлжээ.
Харьцуулахад, экс-ерөнхийлөгч Барак Обама засгийн эрх барих хугацаандаа бараг бүхий л цаг мөчид эхнэр Мишелийг өөрийнхөө амжилттай холбоотой гэж илэрхийлэх үйлдэл үзүүлдэг байсан гэнэ.