Д.Трамп Ану-Мексикийн хилд хана босгох ажлаа эхлүүллээ
АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амлаж байсан АНУ-Мексикийн хилд “хана босгох” ажлыг гүйцэтгэх тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зуржээ. Цагаан ордноос мэдээлснээр тэрбээр Дотоодын аюулгүй байдлын яаманд зочилж, энэ үеэр “Улсын өмнөд хилд асар том хана босгох” барилгын ажлыг эхлүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн, “Мөн хил дагуух хууль бус цагаачдын саатуулах байрны тоог нэмэгдүүлэх” тухай зарлигийг ч үзэглэжээ.
Д.Трамп энэ талаар “Хилгүй улс бол улс биш” гэдгийг онцлоод, “Өнөөдрөөс эхлэн АНУ хилийн зохион байгуулалтаа дахин сэргээж байна” хэмээжээ. Ямартай ч, Д.Трампын дээрх зарлигийн дагуу АНУ-Мексикийн хилд хана босох бөгөөд хилийн зарим хэсэгтээ хашаа мөн байх юм. Энэхүү бүтээн байгуулалтыг тус улсын шинэ Ерөнхийлөгч хууль бус цагаачдыг улс руугаа нэвтрүүлэхгүйн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.