Давосын чуулган олон улсын эдийн засагт ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ ?
Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр Швейцарийн Давос хотноо эхэлнэ. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг улс төрд шилжилт хөдөлгөөн авчрахуйц олон үйл явдал болсон нь энэ оны дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар улс орны тэргүүнүүд энэ удаагийн чуулганаар ярилцах байх гэдэг хүлээлт олны өмнө байна.
Тэр дундаа Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлэх бодлого эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг нь тэдний анхаарлыг хамгийн их татаж байгаа нь дамжиггүй.
Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулганд 70 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон өндөр албан тушаалтнууд оролцож байгаа. Энэ удаагийн чуулга уулзалтад 80 орчим улсын төр, засгийн өндөр, дээд хэмжээний төлөөлөгч, олон улсын 40 орчим байгууллагын удирдлага болон улс төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 2600 гаруй төлөөлөгч оролцож байгаа талааар зохион байгуулагчид мэдээлж байна.
200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдана
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлдэг бөгөөд 2017 оны чуулга уулзалтаар “Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал” ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, 200 гаруй салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна.
Мөн энэ жилийн Давосын чуулганы нэг онцлог бол Хятадын дарга Си Цзиньпин өөрийн биеэр ирж оролцох төдийгүй нээлтэд нь зориулж үг хэлэх юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны төрийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаар юу гэж хэлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого нь ямар байх талаар сонирхсон шинжээчид түүний илтгэлийг анхааралтай ажиглаж байна.
Үүний зэрэгцээ чуулганы гурав дахь өдөр буюу пүрэв гарагт Европын Холбооны гол гишүүн Их Британи тус холбооноос гарахтай холбоотой илтгэлийг тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй тавих юм байна. Европын холбоо бол дэлхийн эдийн засагт чухал нөлөөтэй, тэр дундаа Их Британи Европын холбооны эдийн засгийн гол зүтгүүр хүчнүүдийн нэг юм. Гэтэл Их Британи энэ холбооноос гарснаар Европын холбоо төдийгүй дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь энэ удаагийн чуулганы хэлэлцэх сэдвүүдийн нэг байх юм.
Мөн дэлхийн номер нэг эдийн засагтай АНУ-ын шинэ тэргүүн Дональд Трампын засаг захиргааны баримтлах бодлого дэлхийн эдийн засагт хамгийн их хамаатай. Иймд Трампын засаг захиргааны ахлах зөвлөхүүд Давосын чуулганд оролцож, байр сууриа илэрхийлэх юм байна.
Энэ жил Давост өмнө байгаагүй олон төлөөлөгч ирсэнийг эх сурвалжууд мэдээлж байна. Тиймээс ч Давосын чуулган олон улсын голлох эдийн засагт хэрхэн нөлөөлөх тал дээр анхаарлаа хандуулах нь мэдээж.
Дэлхийн эдийн засгийн форум бол гишүүнчлэлтэй байгууллага. Бас форумийн зорилго, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах түншүүдтэй. Гишүүдийн татвар болон түншүүдийн хандиваас форумын гол орлого бүрдэнэ. Дэлхийн эдийн засгийн форумын 2016 оны орлого 230 сая ам.доллараас давсан бөгөөд үүний 63 хувийг түншлэгч байгууллагуудын хандиваас, 19 хувийг форумын олон төрлийн арга хэмжээнд оролцохын тулд төлсөн төлбөрөөс, 15 хувийг гишүүдийн татвараас бүрдүүлсэн аж.