Барак Обама сүүлийн илгээлт үгээ хэлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Чикаго хотноо найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн, Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа илгээлт үгээ хэлснийг ВВС агентлаг уламжлав. Энэхүү илгээлтдээ тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын талаар баримталсан бодлого, түүний алдаа дутагдлыг ярьжээ.
Тэрээр АНУ найман жилийн өмнөхтэй харьцуулахад бүх талаар илүү хүчирхэг улс болсон гэж тэмдэглээд, бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэн үзэж байхыг бүх давхаргын америкчуудад уриалжээ. Мөн тэрбээр “Цагаан ордонд үг хэлэхийн оронд би болон миний эхнэр Мишель Обама гараагаа эхэлсэн тэр газартаа буцаж ирэхийг хүссэн учир би Чикаго хотод Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхийг хүссэн” гэв. Ийнхүү тэрээр Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоцоор 445 дахь удаагаа нисч, Чикаго хотод зочилжээ.
Обама “Ерөнхийлөгч нарын хооронд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх нь Америкийн ардчиллын үндсэн шалгуур юм. Гэвч хүн бүрт эдийн засгийн боломж бололцоо олгохгүйгээр манай ардчилал цаашид хэрэгжихгүй” гэж мэдэгджээ. Тэрээр илгээлтдээ АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Доналд Трампын нэрийг нэг удаа дурдаагүй ч түүнд хэлэх захиас болон санамжуудаа өгүүлсэн байна. Тухайлбал, терроризмтой тэмцэх стратеги цаашид хүндхэн үр дагаварт хүргэж болзошгүй талаар дурдсан нь дараагийн Ерөнхийлөгчид өгсөн анхааруулга байлаа хэмээн хэвлэлүүдэд бичжээ.
Обама илгээлтдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын явцад мэдээлэл олж авахын тулд эрүүдэн шүүх арга ашиглах, Гуантанамогийн цэргийн шоронг дахин сэргээх зэрэг санаачлага гарч байсан нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хэмээн онцлон анхааруулсан байна. Тэрээр энэ аргыг хэтэрхий түрэмгий болохыг дурдаад, эрүү шүүлтээр ял тулгах нь буруу хэмээжээ.
Мөн “Өнгөрсөн найман жилийн хугацаанд Ирак, Афганистанд цэрэг оруулж, Осама бин Ладеныг хороосон зэрэгтэй дүйх үйл явдал болоогүй. Гэхдээ терроризмын аюул нэмэгдэж, Исламын улс бүлэглэл Европт заналхийлж, АНУ шинэ сорилттой тулгарсан.
Бид ахиц дэвшил гаргахын тулд ажилладаггүй. Бид улс орныг аюулгүй байлгахын төлөө ажилладаг” хэмээн онцлов. Тэрээр цэргийнхэнд өнгөрсөн найман жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын төлөө хийсэн бүхнээрээ бахархах ёстой гэж хэлээд, улс орон аюулгүй байхад бүх цэргийн оролцоо чухал байсныг тэмдэглэн, тэдэнд талархал илэрхийлсэн байна. Мөн тэрээр “АНУ цаашид террорын аюул заналыг бууруулах, урт хугацаанд тогтвортой байж чадах ухаалаг стратеги баримтлах хэрэгтэй” гэжээ.
Өдгөө 55 настай тэрбээр 2008 онд итгэл найдвар, өөрчлөлт гэсэн уриагаараа олон түмний итгэлийг олж, АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Харин түүний халааг авч буй Дональд Трамп Б.Обамагийн явуулж байсан зарим бодлогуудыг эргэн харна гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр энэ сарын 20-нд тангаргаа өргөх юм.