Хятадаас Лондон руу анх удаа ачаа тээврийн шууд галт тэрэг хөдөллөө
Хятад улс энэ долоо хоногийн эхээр Лондонгийн чиглэлд анх удаагаа ачаа тээврийн шууд галт тэрэг явууллаа. Энэ чиглэл бол дэлхий дээрх хамгийн урт төмөр замын шугам юм.
Уг галт тэрэг өнгөрсөн ням гарагт Жөзян мужийн “Иу” галт тэрэгний буудлаас Их Британийн нийслэлийн зүг хөдөлсөн байна. Тээвэрлэлтийн аялал нийт 18 хоног үргэлжилж, 12 800 км урт замыг туулах юм.
Энэхүү ачаа тээврийн үйлчилгээ нь Их Британи-Хятадын худалдааны түншлэлд асар их ач холбогдолтой гэж Их Британид төвтэй “Onetwothree Logistics” тээврийн компанийн менежер Оскар Лин үзэж байна. Тус компани галт тэргээр тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг хуваарилан хүргэх болон гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ эрхэлдэг аж.
Барилгын материал, цүнх, чемодан, хувцас болон бусад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж буй уг галт тэрэг Казахстан, ОХУ, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг орнуудаар дайран Лондон хотод хүрэх юм.
Ачаа тээврийн энэ шинэ маршрут нь БНХАУ-ын дарга Си Зиньпиний “Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг юм. Уг санаачилгыг "Шинэ Торгоны зам" гэж өөрөөр нэрлэх нь бий. Шинэ маршрут нь Хятад улсын зүгээс Европ, Ази, Ойрхи Дорнодтой эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд тус дөхөм болох нь гарцаагүй.