Трампын тангаргийн ёслолд Клинтоны гэр бүл оролцоно
АНУ-ын экс-ерөнхийлөгч Билл Клинтон болон түүний эхнэр Хиллари нар Вашингтонд болох Дональд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохоо мэдэгджээ. Жорж Буш, түүний эхнэр Лаура нар мөн ёслолд оролцохоо илэрхийлсэн байна.
Манхэттэний бизнесмэн Трамп нэгдүгээр сарын 20-нд Капитол Хиллд тангараг өргөж, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр томилогдох юм.
Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтонг ялсан, сонгуулийн кампанийн үеэр түүнийг “Хуурамч Хиллари” хэмээн цоллож байсан юм. Мөн тэрбээр Иракийн дайн болоод есдүгээр сарын 11-ний халдлагад Жорж Бушийг буруутгаж, ил тодоор шүүмжилсээр ирсэн билээ.
Клинтон болон Бушийн гэр бүл тангараг өргөх ёслолд оролцох тухайгаа мэдэгдэхээс өмнө АНУ-ын экс-ерөнхийлөгч нараас ганцхан Жимми Картер л Трампын тангаргийн ёслолд оролцоно гэж байсан юм. Цагаан ордны өмнөх тэргүүн нараас “Том” Буш нас дээр гарсан учир уг арга хэмжээнд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна.