Хятадын нийслэлд агаарын бохирдлын улбар шар өнгийн сэрэмжлүүлэг зарлалаа
Хятадын нийслэлд асар их утаа униар үүссэн тул тус хотын зургаан хурдны зам дээр автомашины хөдөлгөөнийг хаасан байна.
Энэ өдрүүд Бээжин хотод агаарын бохирдлын улбар шар өнгийн түгшүүр зарлажээ. Учир нь, хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг PM 2,5 хэмээх маш нарийн ширхэгтэй хатуу бодисын хэмжээ 1 куб/м-т 400 микрограммд хүрээд байна. Гэтэл Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор, агаар дахь PM 2,5-ын хэмжээ 1 куб/м-т 25 микрограммаас давах ёсгүй юм.
Бээжин хотын захиргаа хорт утаа ихээр ялгаруулдаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг зогсоожээ.
Цаг уурчдын мэдээлснээр, агаарын бохирдлын түвшин 5-ны өдрөөс нааш буурахгүй аж.
Хятадад агаарын бохирдол үүсгэж буй гол эх үүсвэрүүд бол автомашин болон нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд юм. Утаанд байгаа жижиг хэсгүүд хүний уушги болон судсанд нэвтрэн орсноор судсыг үрэвсүүлж, артерийн судсаар цус гүйхгүй болоход хүргэх аюултай. Ийм учраас 2013 онд Бээжин хотын захиргаа агаарын бохирдол ихэссэн үед шуурхай арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулжээ. Төлөвлөгөөнд агаарын бохирдлын түвшнийг цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр ангилан сэрэмжлүүлэг өгч, хотын үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагааг зохицуулж байна.