Путин, Абэ нар ганцаарчилсан уулзалт хийв
Япон улсад 11 жилийн дараа албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын ганцаарчилсан уулзалт өчигдөр /2016.12.15/ орой болж, 90 минут орчим үргэлжилсэн байна. Хоёр улсын лидерүүдийн уулзалтын гол сэдэв эдийн засаг, аюулгүй байдлын асуудал байв. Уг уулзалтад зөвхөн хэлмэрчид л байлцсан гэнэ.
ОХУ-ын төрийн тэргүүний онгоц өчигдөр Ямагүчи мужийн Нагано хотод газардаж, Путин, Абэ нар тэндхийн алдартай халуун рашаанд тухалж, алжаал тайлангаа хоёр орны хооронд 71 жилийн турш эмзэг сэдэв байсаар ирсэн газар нутгийн маргаантай асуудлын талаар санал солилцож амжсан байна. Таван цаг гаруй үргэлжилсэн уулзалтаар Оросын мэдэлд байдаг ч Японы тал өөрсдийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг Курилын арлууд дээр тусгай тогтолцооны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийн гэрээ үзэглэх болон бусад асуудлаар ярицлсан байна. Мөн дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Сири дэх иргэний дайн, тус улсад тулгамдаад буй хүний эрхийн асуудлаар, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, батлан хамгаалах салбарт хамтран ажиллах зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцжээ. Уулзалтад Владимир Путин, Шинзо Абэ нараас гадна холбогдох яамны сайд, албан тушаалтнууд байлцсан байна.
Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд үүгээр дөрвөн арлын асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн бололтой. Өнгөрсөн 71 жилийн хугацаанд шийдэгдээгүй газар нутгийн маргааныг дээд хэмжээний энэ уулзалтаар эцэслэнэ гэсэн хүлээлт байгаа юм. Гэхдээ шинжээчид арлуудыг эргүүлэн авах гэсэн Токиогийн санаачилга энэ удаад үр дүнд хүрэх найдвар багатай хэмээн мэдээлж байна.
ОХУ-ын ерөнхийлөгчийн Япон дахь айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өчигдөр Абэгийн төрөлх нутагт Ямагүчид саатсан тэрбээр өнөөдөр Токиод очиж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх ажээ.