Путин, Абэ нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр болно
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Япон дахь айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Айлчлалын хүрээнд Владимир Путин өнөөдөр үдээс хойш Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн төрсөн нутаг Ямагүчид зочлох бөгөөд үргэлжлүүлээд Токио хотод уулзалтаа хийх аж. Уулзалтаар тус хоёр орны хувьд эмзэг сэдэв болох газар нутгийн маргааныг эцэслэнэ гэсэн хүлээлт байгаа юм.
ОХУ-ын Камчаткын хойг болон Хоккайдо арлын завсар орших Курилын арлууд Оросын мэдэлд байдаг боловч Японы засгийн газар өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг билээ. Уулзалтын өмнө Шинзо Абэ сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа энхийн гэрээ байгуулах үйл явцыг эрчимжүүлж, газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд түлхэц болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бол ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин дөрвөн арлыг буцааж авах гэсэн Японы талын санаархал нь тунхаг бичгээс давсан асуудал гэж үзэж байгаагаа хэлсэн юм.