Япончууд ажиллах хүчний хомсдолд оржээ
Япончуудын дундаж наслалт нэмэгдсэн, мөн хүн амынх нь тоо буурч байгаагаас тус улсад ажиллах хүчний хомсдол бий болж байна. Энэ нь хэдийгээр цалингийн түвшин нэмэгдэх таатай нөхцөл болох боломжтой ч нөгөө талаар зарим салбарын бүтээмжийг бууруулж байна гэж Токиогийн “Dai-ichi Life Research Institute” болон бусад эдийн засагчид онцолжээ. Одоогоор ажиллах хүч хамгийн их шаардлагатай байдаг зочид буудал, ресторан, ахмадын асаргаа, сувилгааны газруудад ажиллах хүч хамгийн их хомсдолтой байгаа аж. Үүний зэрэгцээ үйлчилгээний салбарын ажилчдын бүтээмж "хамгийн бага байна" гэсэн судалгааны дүн гарчээ. Энэ ч утгаараа цалингийн түвшнийг нэмэгдүүлэхэд хүндрэл үүсэж байгаа юм. Тус улсын инфляцын нөлөөг тооцсон сарын дундаж цалин 2015 онд дөрөв дэх жилээ дараалан буурсан бол 2016 он гарснаас хойш есдүгээр сар хүртэл нэг хувиар өссөнийг Японы Хөдөлмөрийн яамны тайлангаас харж болохоор байна. Энэ нь Японы Төв банкны "Цалингийн өсөлтийг хоёр хувьд хүргэх" зорилтоос доогуур дүн болжээ.