АНУ-ын ерөнхийлөгч Герман улсад айлчилж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Герман дахь айлчлал өчигдөр эхэллээ. Өчигдөр орой Берлинд хүрэлцэн ирсэн даруйд нь Германы канцлер угтан авч оройн зоог барьсан байна. Америкийн төрийн тэргүүний айлчлалын албан ёсны хөтөлбөр өнөөдрөөс эхлэх бөгөөд Барак Обама, Ангела Меркель нарын уулзалт мөн өнөөдөр болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Берлинд болох дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын аюулгүй байдлыг өндөржүүлсэн түвшинд хангаж байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар нийт 5000 гаруй цагдаа, тусгайгийн ажилтан аюулгүй байдлыг хангаж байна. Берлин хотын засгийн газрын дүүрэгт аюулгүй байдлын түвшинг хамгийн өндөр буюу 1 нэмэх зэрэглэлд хүргээд байгаа вм байна. Энэ түвшинг хилийн чанадын орнуудын төр засгийн тэргүүн нарыг айлчлах үед зарладаг юм.
Америкийн төрийн тэргүүн Германд айлчлах үеэрээ дан ганц тус улсын төр засгийн тэргүүн нартай уулзалт хэлэлцээ хийхгүй. Маргааш Европын холбооны орнуудын удирдагчидтай уулзалт хэлэлцээ хийх юм. Энэ дээд уулзалтаар Украин дахь бодлоготой нь холбоотойгоор Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн Сири дэхь бөмбөгдөлттэй холбоотойгоор нэмэлт хориг арга хэмжээ авах тухай ч хөндөж ярилцах юм байна. Европын холбооны орнуудын удирдагчдын ихэнх нь ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг ойрын 7 хоногтоо багтаан сунгахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг Германы Дойче Велле агентлаг засгийн газрын эх сурвалжаас авсан мэдээлэлд үндэслэн дамжуулсан байна.
Гэхдээ Европын Холбооны удирдагчид өнөөдөр амаргүй байдалд орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хүсч байгаа юм байна. Тодруулбал ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа ч Америкийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орсон даруйд хоригийг цуцлахаас урьдчилан сэргийлэх ёстой гэж харж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Европын удирдагчид Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампад ОРостой холбоотой улс төрийн бодлого чиглэлээ эрс өөрчлөх боломжгүйг нь ойлгуулах дохио сануулга өгөхөөр төлөвлөж байгаа тухай Германы засгийн газрын эх сурвалж бас мэдээлсэн байна.