Монгол залуу Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж байна

2016 оны 11 сарын 09

-БАГААРАА АЖИЛЛАСАН АЖЛЫНХАА ҮР ДҮНГ ХЭДХЭН МӨЧИЙН ДАРАА ГАРАХЫГ ХҮЛЭЭГЭЭД СУУХАД САЙХАН БАЙНА ШҮҮ-

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч, 48 дахь дэд ерөнхийлөгч тун удахгүй тодорно. Америкийн “ The Huffington post” сонины сонгуулийн санал тандалтын “HuffPost presidential forecast model” загварчлалаас үзэхэд сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон илүү их хувийн санал авч эхэлсэн байна. Энэ сонгуулиас хойш АНУ эргэлт буцалтгүй өөрчлөгдөж, урьдынхаасаа танигдахын аргагүй болно гэж улс төр шинжээчид үзэж байна.

Яг одоогийн байдлаар АНУ-ын 16 муж улсад санал хураалт дуусахад цагийн хугацаа үлдсэн. Урьдчилсан байдлаар нэр дэвшигч Хиллари Клинтон 8/Вермонт, Иллиной, Мэрилэнд, Вашингтон ДС, Делавер, Нью-Жерси, Массачусетс, Рөүд-Айленд/ мужид, Дональд Трамп 6/Индиана, Кентакки, Баруун Виржиниа, Миссиппи, Оклахама/ мужид илүү санал авчээ.

Тус сонгуулийг тойрсон мэдээллээс хамгийн сайхан нь Хиллари Клинтоны сонгуулийн сурталчилгааны багт монгол залуу багтан ажиллаж байгаа явдал юм. Түүнийг Чулуунбатын Ганболд гэдэг. Одоогоос гурван жилийн тэртээ бид АНУ-д зочлохдоо түүний тухай “Обамаг гайхшруулсан монгол залуу” нэртэй нийтлэл бэлтгэн уншигчдадаа хүргэж байсан билээ.

Ч.Ганболд өөрийн цахим хуудастаа “Хиллари Клинтон 2015 оны 4 сарын 12-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэнээс хойш 575 өдөр өнгөрчээ. Түүний сонгуулийн сурталчилгааны багт сонгогдон ажилласан энэ өдрүүдэд олон ч өдөр, шөнө нойр хоолгүй ажиллаж, их ч зүйлд суралцлаа. Багаараа ажилласан энэ ажлынхаа үр дүнг хэдхэн мөчийн дараа гарахыг хүлээгээд сууж байхад сайхан байна шүү. Сэтгэл догдолмоор ч юм шиг” хэмээн бичсэн байна.

Одоогоос дөрвөн жилийн тэртээ Ч.Ганболд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн багт орж ажиллан ялалтаа тэмдэглэж байсныг санаж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох хоёр ч сонгуулийн сурталчилгааны багт монгол залуу ажиллаж байна гэдэг нь бахархмаар түүх хэмээн Вашингтон ДС хотноо ажиллаж, амьдарч буй сэтгүүлч Г.Галбадрах цахим хуудастаа постолжээ.

Ч.Ганболдын чадвараас товчхон дурдахад, Охойяад сургуульд байхдаа оюутнууд болон сургуулиудын дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд орж түрүүлснээр дизайнеруудын жагсаалтад орсон байна. Тиймээс жил бүр зохиогддог “Адобе” компани фотошоп хэрэглэгчдийн дунд компьютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаанд оролцох урилга ирж, дээрх тэмцээнд байгаль орчин дэлхийн цөлжилттэй холбоотой бүтээлээрээ тэргүүн байр эзэлж байдаг.

"iStokcphoto” компаний нэрэмжит iStock Munny Doll тэмцээнд түүний эхнэр Г.Дариа амжилттай оролцож, 200 гаруй мэргэжилтэнээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан бол Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн. Мөн Ч.Ганболд Америк болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, сурталчилгааны албанд ажиллаж байжээ. Тодруулбал, Forest City, Northrop Grumman, Yahoo, American greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэтээр нэрлэж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37920
0 эможи
keyboard_arrow_up