Рейтинг ойролцоо байна
Өнөөдөр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас тэрбумтан Доналд Трамп нар нэр дэвшиж буй. Тэд кампанит ажлынхаа хүрээнд гурван удаа халз мэтгэлцэж, экс тэргүүн хатагтайн ялалтаар төгссөн билээ.
“Вашингтон пост” сонинд америкчуудын сонгуульд санал өгөх идэвхи буурч байгаа талаар бичжээ. Эх сурвалжийн таамгаар, энэ удаагийн сонгуульд америкчуудын 52-54 хувь нь саналаа өгч магадгүй гэнэ. Үүнээс сонгуульд оролцох цагаан арьст америкчуудын тоо өнгөт арьстан, исламын шашинт америкчуудтай харьцуулахад 2008, 2012 оныхоос буурах магадлалтай байгаа аж.
“Real Clear Politics” улс төрийн судалгааны төвийн судалгаагаар сонгуульд санал өгөх магадлалтай америкчуудын дунд Хиллари Клинтоны нэр хүнд өндөр байгаа аж. Зарим эх сурвалжид тэдний рейтинг ойролцоо байгаа талаар дурджээ. Өнгөрсөн ням гаригийн байдлаар, олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад Хиллари Клинтон 46.6 хувийн дэмжлэг авсан бол Доналд Трампыг сонгогчдын 44.8 хувь нь дэмжжээ.
Д.Трамп “Хүчирхэг Америкийг дахин сэргээнэ” гэсэн уриатайгаар сонгуулийн сурталчилгаагаа хийсэн билээ. Энэхүү уриаг Роналд Рейган 1980 онд дэвшүүлж байжээ. Д.Трамп цагаачлалын бодлого болон худалдааны гэрээг шинэчлэх, дунд давхаргын америкчуудын татварын тухай асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаажээ. Түүнтэй холбоотой секс шуугиан эмэгтэй сонгогчдынх дунд нэр хүндийг нь унагасан бол Х.Клинтоны цахим шуудангийн хэрэг түүний дэмжигчдийн урмыг хугалжээ. Клинтоны хувьд “Хиллари Америкийн төлөө” гэсэн уриан дор сурталчилгаа явуулсан. Тэрбээр санхүүгийн шинэчлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд болон нийгмийн халамжийг сайжруулах зэрэг амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
АНУ-д бидний төсөөлж байснаас ч олон нам байдаг. Ногоон нам, Ажилчдын нам, Хүний эрх чөлөөни йнам гэх зэргээр хэдэн арваар нь дурдаж болно. Гэвчы Ардчилсан нам болон Бүгд найрамдах нам нь эртний түүхтэй, хүчирхэг намууд юм. Сонгуулийн санал хураалт оройн 20 цагт албан ёсоор хаагддаг бөгөөд санал хураалтын дүн энэ сарын 8-наас 9-нд шилжих шөнө гарна. Бидний хувьд энэ сарын 9-ний өдөр сонгуулийн үр дүнг мэдэх боломжтой юм.
Нэр дэвшигчийг нэгндүгээр сарын эхээр Конгрессын хоёр танхимын хамтарсан хурлаар төлөөлөн сонгогчдын санал хураалтын дүнг хэлэлцээд, нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахь жилийн нэгдүгээр сарын 20-ноос албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг ажээ.