“Volkswagen” компани АНУ-ын хэрэглэгчдэд 14.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр олгоно
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани АНУ-ын эрх баригчидтай зөвшилцөлд хүрч, 14.7 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон байна. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр мөнгөн дүн бүхий иргэний хэргүүдийн нэгд тооцогдож байна. Энэ удаагийн хэлцэл 470 гаруй хэрэглэгчийг хамарч байгаа аж. Сан Франциско хотын шүүхийн шийдвэрийн дагуу хэрэглэгчид нүүрстөрөгчийн хийн ялгаруулалт нь өндөр байгаа “Volkswagen” брэндийн автомашинаа компанид буцаан худалдах эсвэл засуулах сонголтууд байгаа юм. Хуучин автомашиныг худалдаж авах үнийн дүн нь туулсан замын уртаасаа хамаараад 12-44 мянган ам.долларын хооронд хэлбэлзэнэ. Харин засвар хийлгэх хэрэглэгчид автомашиныхаа үнэлгээнээс хамаараад 5-10 мянган ам.долларын нөхөн төлбөр авах юм. Үүнээс гадна “Volkswagen”-ийн удирдлагууд 4.7 тэрбум ам.долларыг байгаль хамгаалал болон холбогдох дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаа амлажээ. “Volkswagen” компани 11 сая автомашинд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын хэмжээг бууруулж мэдэгдэх програм суулгасан гэдгээ 2015 оны есдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм. Үнэндээ эдгээр автомашинуудын хорт хийн ялгаруулалт нь стандарт хэмжээнээс 40 дахин өндөр байгаа ажээ.
“General Motors”-ийн ашиг III улиралд хоёр дахин өслөө
Үүнээс гадна автомашин үйлдвэрлэгчдийн тайлан гарч эхэлсэн байна. Өнгөрсөн улирлын үзүүлэлтээс харахад эдийн засгийн тогтворгүй байдлаас үл хамааран томоохон автомашин үйлдвэрлэгчдийн ашиг, орлого таамгаас давж өссөн эерэг дүр зураг харагдаж байна. Ялангуяа Хойд Америк болон Европын зах зээлд төвлөрч ажилладаг компаниудын үзүүлэлт нэлээд сайжирчээ. Тухайлбал, III улиралд “General Motors” компанийн ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өсөж, 2.8 тэрбум ам.долларт хүрсэн бол “Fiat Chrysler”-ийн ашиг 29 хувиар нэмэгдсэн байна. Ерөнхийдөө түлшний үнэ хямдарч, том оврын автомашинуудын эрэлт нэмэгдсэн нь өсөлтийн шалтгаан болжээ. Харин Европоос Францын “Renault” компанийн орлого III улиралд 13 хувиар өсөж, 11.5 тэрбум ам.долларт хүрчээ. Ерөнхийдөө Европын автомашины борлуулалт өнгөрсөн улиралд 5.3 хувиар өссөн байна.