Хиллари Клинтон, Дональд Трамп нарын гурав дахь удаагийн мэтгэлцээн
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гурав дахь удаагийн мэтгэлцээн болж байна. Сонгуулиас өмнөх сүүлийн мэтгэлцээнд хоёр талаас сонирхолтой хүмүүсийг урьж оролцуулж байгаагаас гадна сэдвийн хувьд ч өмнөх мэтгэлцээнүүдээс ялгаатай байхаар байгаа юм. Тухайлбал, энэ удаагийн мэтгэлцээнд нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн эцэг нэгт ах Малик Обамаг урьж оролцуулж байна. Мэтгэлцээний үеэр хөндөх гол асуудалд Засгийн газрын өр, эдийн засаг, цагаачлалаас гадна шүүх эрх зүйн орчин багтаж байгаа юм. Эхний мэтгэлцээнээр нэр дэвшигчид эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын асуудалд төвлөрсөн бол хоёр дахь удаагийн мэтгэлцээний үеэр нэр дэвшигчийн ёс зүй, гадаад бодлого, дүрвэгсдийн асуудлаас гадна татварын асуудлыг нэр дэвшигчид хөндөөд байна. Нэр дэвшигч Хиллари Клинтон бүх нийтэд зориулсан эдийн засгийг бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарахаа мэдэгдсэн бол Дональд Трамп аж ахуйн нэгжийн татварыг бууруулна гэсэн амлалтыг өгөөд байгаа юм.
“Bloomberg Politics”-ээс ирүүлсэн урьдчилсан санал асуулгын дүнгээс харахад Хиллари Клинтон Дональд Трампыг есөн хувийн саналаар тэргүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгогчдоос авах дэмжлэг өсч байгаа бөгөөд хоёр удаагийн мэтгэлцээний дараа явуулсан санал хураалтын дүнгээр Хиллари Клинтон 47 хувийн санал авч 38 хувийн санал авсан Дональд Трампыг тэргүүлжээ. Үүнтэй холбогдуулж энэ удаагийн мэтгэлцээнээр нэр дэвшигч Дональд Трамп нэлээд хүчин чармайлт гаргана гэж Ардчилсан намаас таамаглаж байгаа аж.