ДЭМБ-аас Азид “Зика” вирус тархах эрсдэл өндөр хэвээр байгааг анхаарууллаа
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас шумуулаар дамждаг “зика” вирус Ази тив даяар тархах эрсдэл өндөр хэвээр байгаа талаар анхааруулжээ. Энэ талаар “Kyodo” агентлаг уламжилсан байна. Сингапурт “Зика” вирусын халдвар авсан хэдэн зуун тохиолдол бүртгэгдсэн бол Тайландад тус вирусын халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн хоёр тохиолдол гарчээ.
Шумуулаар дамждаг энэ вирусын халдвар дэлхийн 70 улс оронд, тэдгээрийн дотор Ази-Номхон далайн бүс нутгийн 19 улсад тархаад байгаа ажээ. Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл гарахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг байна. Энэ вирус 2015 оны хавраас Бразилд тархаж эхэлсэн билээ.