Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр
Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны арванхоёдугаар сарын 19-ны өдрийн хуралдаанаар дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.
Аравдугаар сарын 11-ний энэ өдөр НҮБ-ын гишүүн 193 орон цаашлаад иргэний нийгмийн байгууллагуудыг охидын эрхийн асуудалд анхаарал хандуулах, энэ талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалдаг юм.
Манай улсын хувьд нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд үүнээс 35 хувийг 0-19 насны охид эзэлдэг гэсэн Үндэсний статистикийн газрын мэдээ бий. Харин нийт хүн амын 18 хувийг охид эзэлдэг байна.
Охид тэр тусмаа өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын мэдлэг, мэдээлэл дутмаг байдгаас эрт жирэмслэх, улмаар үр хөндүүлэх, жендерт суурилсан хүчирхийлэлд өртөх зэрэг олон асуудал тулгардаг аж.
Охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж насанд хүрээгүй охид гэмт хэргийн золиос болсоор байна. Тодруулбал, 2012 онд 15-19 насны 4198 охин ээж болсон бол 2013 онд 3500 гаруй охид насанд хүрээгүй байхдаа ээж болжээ. Мөн охидын эрхийг хамгаалдаг “Гүнж” төвд хандсан 7-16 насны охидуудын дунд хийсэн судалгаагаар охидын 54 хувь нь ураг төрлийн хүчинд өртдөг бол 30 хувь нь болзооны үеийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж.
Үүнээс үзэхэд насанд хүрээгүй охид сургуулийн орчин, үе тэнгийн найзууд дундаа, мөн хамаатан садныхаа хэн нэгний гарт хүчирхийлэлд өртөх байдал жилээс жилд нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Дээрх асуудалтай холбоотойгоор өсвөр насны охидыг хүчирхэгжүүлэх, охидын эрхийн хөдөлгөөн дэх тэдний утга учиртай оролцоог хангах замаар нийгэм дэх охидын эрхийг хамгаалах асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой “Биднийг сонс” охидын хоёрдугаар чуулган болох гэж байна.
Тус чуулганд зорилтот бүлгийн 80 гаруй охид оролцохоос гадна, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутнууд зэрэг нийтдээ 200 гаруй охид оролцож өөрсдийнхөө эрхийн төлөө нэгдэх гэнэ. Чуулган аравдугаар сарын 14-ний 09:00-17:00 цагийн хооронд “Танан” төвд зохион байгуулагдах ажээ.