НҮБ-ыг Португал хүн удирдана
Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гутерреш НҮБ-ын дараагийн Ерөнхий Нарийн бичгийн даргаар сонгогдох нь тодорхой боллоо. Өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар НҮБ дахь ОХУ-ын суурин төлөөлөгч Виталий Чуркин Антонио Гутеррешийг танилцуулсан ба өнөөдөр албан ёсоор батламжлахаар болжээ.
Антонио Гутерреш нь өдгөө 66 настай бөгөөд НҮБ-ын дүрвэгчдийг хариуцсан байгууллагын тэргүүнээр арван жилийн турш ажилласан туршлагатай дипломатч аж.
НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн сонгогдох тухай удтал шуугисан ч эцэстээ Баруун Европоос эрэгтэй хүн сонгогдож, Бан Ги Муны халааг авахаар боллоо.
Энтонио Гутерреш Португалд тавь орчим жил ноёрхсон диктаторын засаглалыг хувьсгалаар буулгасны дараа болсон 1976 оны анхны ардчилсан сонгуулиар улс төрийн амьдралаа эхэлж байжээ. Тэрээр 1992 онд Социалист намын дарга болж, 1995 онд Португалийн ерөнхий сайд болж байв.