Оросууд Сирийн хямралыг улам даамжруулж байна
Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулганы үеэр АНУ-ын Элчин сайд Саманта Повер, Сирийн Алеппо хотыг ОХУ санаатай бөмбөгдсөн хэмээн буруутгасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Оросууд террористуудыг устгах нэрээр энгийн иргэдийг хохироож, Сирийн хямралыг улам даамжруулж байна. Оросууд хүчирхийллийг улам өдөөж, дайны галыг дүрэлзүүлж байна” гэж мэдэгджээ.
Уг мэдэгдлийн хариуд ОХУ-ын Элчин сайп Виталий Чуркин “Оросууд хэзээ ч энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхгүй. Орос улс Сирид дэх хүчирхийллийг зогсоохоор тэмцэж байна. Бидний үйл хэргийг хүчирхийлэлтэй андуурах хэрэггүй. Бид Сирийн тусгаар тогтнол болон аюулгүй байдлын хангахаар тэмцэж байна. АНУ, ОХУ-ын удирдагчдын байгуулсан гал зогсоох гэрээ хүчингүй болсноор тус улсад хямрал улам газар авсан” гэсэн байна.
Алеппо хотыг өнгөрсөн баасан гаригт агаараас бөмбөгдөж, 13 хүүхдийг хөнөөсөн билээ. Уг хэргээс гурван өдрийн өмнө мөн тус хотыг бөмбөгдөж, 24 хүнийг хөнөөжээ. “Эдгээр хэргийн ард оросууд бий” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Оросууд хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгсөн. Цэргийн ажиллагааны үеэр иргэдийг хохироосон гэх мэдээлэл ирээгүй байна” хэмээн хариу мэдэгджээ.