Сенатч Тед Круз Дональд Трамп-д саналаа өгөхийг уриаллаа
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас сунгаанд оролцож байсан сенатч Тед Круз өөрийн өрсөлдөгч асан, тэрбумтан Дональд Трамп-д саналаа өгөхийг америкийн сонгогчдод уриалжээ. Энэ тухай мэдэгдлээ тэрээр өөрийн Facebook хуудсанд байршуулсан байна.
Түүнд Трампыг дэмжих хоёр шалтгаан байгаа гэжээ: нэгд, бүгд найрамдахчуудаас нэр дэвшсэн хүнийг дэмжинэ гэж өнгөрсөн онд амлаж байснаа биелүүлж байгаа, хоёрт, хэдийгээр Дональд Трамп-тай зарим нэг үзэл бодлын зөрөөтэй ч Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон бол огтоос хүлээн авч болохооргүй хүн тул ийм алхмыг хийж байна гэжээ.
“Манай улс хямралтай байгаа. Ийм эгзэгтэй үед Хиллари Клинтон ерөнхийлөгч болсон ч улс орныг удирдаж чадахгүй. Түүний төрийн бодлого олон сая америкчуудад хор хөнөөлтэй байх болно. Харин Дональд Трамп бол улсаа зөв замд оруулж чадна. Хэрэв та бүхэн Хиллари Клинтоныг ерөнхийлөгч болсныг харахыг хүсэхгүй байгаа бол Трампын төлөө саналаа өгөөрэй гэж уриалж байна” хэмээн тэрээр бичсэн аж.