Обамад бичсэн 6 настай хүүгийн захидал
Өнгөрөгч наймдугаар сард Сирийн Алеппо хотод агаараас цохилт өгөх үеэр эвдэрч сүйтгэгдсэн барилгын нуранги доороос аврагдсан таван настай хүүгийн зураг дэлхий нийтийг цочирдуулсан.
Омран Дани агаарын цохилтын улмаас цочролд орж, нүүр болон бие нь бүхэлдээ тоос шороонд дарагдсан, толгойндоо хүнд гэмтэлтэй, өрөөсөн нүд нь маш хүнд гэмтэж, цусанд будагдсан байсан юм. Хүүгийн эцэг болон ах дүү гурвыг нь барилгын нуранги доороос цаг орчмын дараа гарган авчээ.
Тэгвэл нурангинаас аврагдсан Омран Дани хүүгийн тухай зургаан настай америк хүү Алекс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан захидал бичсэн байна. Тэрээр захиандаа “Хүндэт ноён Ерөнхийлөгч өө, Сирид аврагдсан хүүг санаж байна уу? Та түүнийг манай гэрт аваад ирж болох уу? Манай гэр бүлийнхэн та нарыг туг, цэцэг агаарын бөмбөлөгтэй угтаж авъя. Бид түүнд гэр бүл бэлэглэмээр байна. Түүнийг гэр бүлтэй болгож, Омран миний ах болно. Миний бяцхан дүү Кэтрин түүнд зориулж эрвээхий, гэрэлт цох цуглуулж байгаа. Манай сургуульд Сириэс ирсэн Омар гэдэг хүүхэд байдаг. Би түүнийг Омартай танилцуулж, хамтдаа тоглож болно шүү дээ.
Бид түүнийг төрсөн өдрийн үдэшлэгт урьж, өөр хэл зааж өгнө. Омран манайд тоглоомгүй л ирнэ байх. Тийм болохоор манай дүү Кэтрин том цэнхэр туулайгаа түүнд тоглуулж болно. Бас би түүнд дугуй унахыг зааж өгч, дугуйгаа унуулна. Би түүнд нэмэх хасах үйлдэл яаж хийдгийг зааж өгнө.
Алекс, зургаан настай”
Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын дүрвэгчдийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр индэр дээрээс Алексын захиаг дэлхийн удирдагчдын өмнө уншсан байна.
Тэрээр хүүгийн захиаг уншиж дууссаныхаа дараа “Энэ бол зургаан настай хүүгийн хэлсэн үг. Бидэнд түүнээс суралцах зүйл их байна. Энэ бол хэн нэгнийг хаанаас ирсэн, хэрхэн залбирдаг, хэрхэн харагдаж буйгаас нь үл хамааран хүнийг хүн гэдгээр нь хүлээн авч, дүрсэлж буй бяцхан хүүгийн зураглал. Бид бүгдээрээ Алексаас суралцах хэрэгтэй. Бид Алекс шиг байх хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Омранаас гадна Алан Курди хэмээх гурван настай бяцхан хүү Сириэс дүрвэж байгаад Туркийн эрэгт амиа алдсан харамсалтай хэрэг мөн гарч, дэлхий нийтийг цочролд оруулж байсан билээ. Хүү эцэг эхтэйгээ хамт дайнаас дайжин Грек рүү явж байхдаа тэнгист осолдон амиа алдсан юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, Сирид таван жилийн өмнөөс иргэний дайн эхэлснээс хойш 250 мянга гаруй хүн амиа алдаж, 11 сая гаруй хүн дүрвээд байна.