Сайн дураар Өмнөд Солонгос улсаас явсан 28000 цагаач байна
Өчигдөр Өмнөд Солонгосын хууль зүйн яам мэдэгдэл гаргаж тус улсад хууль бусаар оршин суугаа цагаачдыг сайн дураар Өмнөд Солонгосоос явбал, шийтгэлээс чөлөөлөх хугацааг энэ оны төгсгөл хүртэл сунгажээ. Дөрөвдүгээр сараас эхлэн энэ сарыг дуустал явагдахаар төлөвлөсөн уг арга хэмжээний үр дүн сайн байгаа тул ийнхүү хугацааг сунгасан аж. Өнгөрсөн таван сарын хугацаанд 28,000 хууль бус цагаач сайн дураар тус улсаас явсан нь өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Энэ хугацаанд нутаг буцсан хүмүүсийг торгуулиас чөлөөлж, дахин Өмнөд Солонгост ирэх эрхийг нь нээлттэй үлдээх юм байна. Нутаг буцахаар шийдсэн гадаадын иргэд нь хүчинтэй паспорт, онгоцны тасалбартай байх шаардлагатай ба буцах өдрөө цагаачлалын албанд мэдэгдэх ёстой гэнэ. Харин өршөөлийн хугацаанд Өмнөд Солонгосоос яваагүй хууль бус цагаачид таван жилийн хугацаанд тус улсад нэвтрэх эрхээ хасуулна гэжээ.