“General motors” 4.3 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ
БНСУ-ын технологийн хамгийн том компани "Samsung Electronics" компани 2.5 сая ширхэг төхөөрөмжөө эргүүлэн татах шаардлагатай болоод байгаа бол АНУ-ын автомашины хамгийн том компани “General Motors” дөрвөн сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Аюулгүйн дэрний систем дэх програм хангамжийн согогийн улмаас нэг хүн амиа алдсан хэрэг гарсны улмаас “General Motors” компани зах зээлээс дөрвөн сая 280 мянган автомашиныг эргүүлэн татаж, засварлах шаардлагатай болсон байна. Автомашинуудын дийлэнх нь буюу 3.6 сая нь АНУ-д байгаа аж. Эдгээрт “Buick”, “Chevrolet”, “GMC” болон “Cadillac” брэндүүдийн 2014-2017 оны загварууд багтаж байна. Дээрх автомашинуудын ослын дэрийг нийлүүлсэн “Delphi” корпорацид аюулгүйн дэрний програм хангамжийн согогийн талаар “General Motors” компани мэдэгджээ. Ингэснээр хоёр компани бүх автомашинаа эргүүлэн татаж, дахин засварлахаар шийдвэрлэсэн байна.