2.5 сая ширхэг "galaxy note 7"-ийг эргүүлэн татна
"Samsung Electronics" компанийн "Galaxy Note 7" ухаалаг гар утас хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан хэдий ч цэнэг хураагуурын асуудлын улмаас эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, нийт 10 улсын зах зээлээс 2.5 сая ширхэг гар утсыг эргүүлэн татах бөгөөд борлуулалтыг нь зогсоогоод байгаа аж. Энэ ажилд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа нь "Samsung"-ийн энэ оны ашгийн төлвийн таван хувьд ч хүрэхгүй үзүүлэлт болж байна. "Galaxy Note 7"-ийн борлуулалтаас олох орлого нь 600 ам.доллар, үйл ажиллагааны ашиг нь 108 ам.доллар гэж "Credit Suisse" тооцоолсон байна. Тус компани III улиралд 4-5 сая ширхэг, IV улиралд 8-9 сая ширхэг "Galaxy Note 7"борлуулах төлөвтэй байгаа аж. Гэвч 35 ширхэг "Galaxy Note 7"-ийн цэнэг хураагуур дэлбэрч эргүүлэн татах шаардлагатай болсон нь цаг хугацааны хувьд "Samsung Electronics" компанийн үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулахаар байна. "Samsung"-ийн хувьд "Galaxy S7" болон "Galaxy Note 7" нь хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсны дүнд тус компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр жилийн дээд цэг буюу нэг сая 597 мянган вонд хүрчээ. Үүнээс гадна ухаалаг гар утасны зах зээлд "Samsung"-ийн ширүүн өрсөлдөгч "Apple" компани энэ лхагва гарагт шинэ төхөөрөмжөө танилцуулна. Энэхүү арга хэмжээний үеэр шинэ загварын "iPhone" болон "Apple Watch" төхөөрөмжийг танилцуулах хүлээлттэй байгаа юм.