Умард Солонгос гурван баллистик пуужин харвалаа
Умард Солонгос өнөөдөр зүүн эргээсээ Япон тэнгис рүү чиглүүлэн гурван баллистик пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ.
Өнөөдөр үдийн 12:14 цагийн үед Умард Хуанхэ аймгийн Хуанжу хошуунаас эдгээр пуужинг харважээ.
Чухам ямар төрлийн пуужин харвасан, пуужингууд хэр хол зайд туссан талаар тодорхой мэдээлэл алга.
Умард Солонгосын засгийн газар эмхлэн байгуулагдсан өдөр болох энэ сарын 9-ний өмнөхөн Пхеньян зориуд өдөөн хатгасан үйлдэл хийсэн байж болзошгүй гэж Өмнөд Солонгос үзэж байна.
2014 оны есдүгээр сарын эхээр Пхеньян ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харван Солонгосын хойгийн байдлыг улам хурцатгаж байсан юм.
Хятадын Ханжоу хотод “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болж байгаа энэ үед Умард Солонгос дээрх гурван пуужинг харвалаа.
Үүний өмнөхөн Сөүл-Вашингтоны хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн Умард Солонгос өнгөрсөн сарын 24-нд зүүн эргээсээ Япон тэнгис рүү чиглүүлэн шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан юм.