Ханхүү Уильям нисгэгч болохоор бэлтгэл хийж байна
Их Британий угсаа залгамжлах ханхүү Уильям түргэн тусламжийн нисдэг тэрэгний нисгэгч болохоор хичээллэж эхэлсэн талаар мэдээллээ. Тэрбээр 2005-2007 оны хооронд армид алба хааж байхдаа аврах багийн нисдэг тэрэг жолооддог байсан бөгөөд мэргэжлийн ажлаа орхихыг хүсээгүй учир тусламжийн нисдэг тэрэгний нисгэгч болохоор өнгөрсөн долоо хоногийн эхээр Британий нисэх хүчинд дадлага хийж эхэлжээ.
Хааны гэр бүлийн гишүүний хувьд өөрийн болон гадаад улс орнуудаар айлчлан, буяны болон дээдсийн хүрээлэнгийн арга хэмжээнд оролцох нь Уильямд таалагддаггүй гэнэ. Иймээс тэр арилжааны нисэх хүчний нисэгчийн зөвшөөрөл авахаар шийдсэн аж. Английн цэргийн нисгэгчдийн ихэнх нь бэлтгэл хүчинд шилжсэний дараа ийм алхам хийдэг юм байна.
Ханхүү Уильям энэ дадлагынхаа талаар хатан хаан II Элизавет болон аав ханхүү Чарльзтэй ярилцсаны эцэст зөвшөөрөл авсан байна. Мөн ирэх сарын эхээр Уильям эхнэр Кейт Миддилтон болон хүү Жоржийн хамтаар Шотланд улсад хийх айлчлалынхаа өмнө Перт хотын түргэн тусламжийн баазад очиж, хоёр хоногийн нисгэгчээр ажиллахаар болжээ.