Цусанд будагдсан сири хүүгийн зураг дэлхий нийтийг цочирдуулж байна

2016 оны 8 сарын 19

Сирийн Алеппо хотод агаараас цохилт өгөх үеэр эвдэрч сүйтгэгдсэн барилгын нуранги доороос аврагдсан бяцхан хүүгийн зураг дэлхийн нийтийг цочирдуулж байна. Хүү цочролд орж, нүүр болон бие нь бүхэлдээ тоос шороонд дарагдаж, цусандаа будагджээ.

Түргэн тусламжийн тэргэнд сууж яваа хүүгийн зургуудыг хүний эрхийн төлөө тэмцэгчид интернэтэд тавьснаар нийгмийн сүлжээгээр тархсан байна.

Энэ хүүг Омран Дани гэдэг бөгөөд 5 настай гэнэ. Омран лхагва гарагт барилгын нурангинд дарагдан толгойдоо хүнд бэртэл авсан гэж эмч нар хэллээ.

Хүүгийн эцэг болон  ах дүү гурвыг нь мөн барилгын нуранги доороос  аварчээ.

Сирийн сөрөг хүчний талыг баримтлагч Алеппогийн хэвлэл мэдээллийн төвийн мэдэгдсэнээр, уржигдар орой босогчдын хяналтад байдаг Катержи дүүрэгт Оросын армийнхан агаараас цохилт өгсний дараа Омран хүүгийн зургийг авсан гэнэ. Уг агаарын цохилтын үеэр гурван хүн амь үрэгдэж, 12 хүн шархадсан аж.

Хүүг нурсан барилгаас гаргаж ирэн, эмнэлгийн түргэн тусламжийн тэргэнд суулгажээ.

Омраны зургийг Туркийн эрэгт цогцос нь шидэгдсэн байсан 3 настай Алан Курди гэдэг Сирийн дүрвэгч хүүгийн зурагтай хүмүүс хэдийн харьцуулж эхэлжээ. Өнгөрсөн онд Алан Курди хүү болон түүний эцэг эх дайнаас дайжин Грек рүү явж байхдаа тэнгист осолдон амиа алдсан билээ.

Цагтаа Сирийн арилжаа болон аж үйлдвэрийн гол төв байсан Алеппо хотод сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын засгийн газрын хүчнийхэн болон босогчид хоорондын тулаан ширүүсч, хэдэн зуун хүн амиа алджээ.

НҮБ-ын мэдэгдсэнээр, Сирид одоогоос бараг таван жилийн өмнө иргэний дайн эхэлснээс хойш 250 мянга гаруй хүн амиа алдаж, 11 сая гаруй хүн дүрвээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35583
0 эможи
keyboard_arrow_up