Антибиотик тарьсан тахианы махны асуудал “McDonald's”-ийг ч тойрсонгүй
Түргэн хоолны сүлжээний “McDonald's” компанийг дэлхийн бүх салбартаа антибиотик тарьсан амьтны махаар үйлчлэхээ зогсоохыг шаардаж, иргэд кампанит ажил эхлүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “McDonald's” компани АНУ, Канад дахь салбартаа антибиотиктай мах хэрэглэхээ зогсоохоо мэдэгдсэн ч “McDonald's”-ийн дэлхий даяарх 30 мянган салбарт антибиотиктай мах хэрэглэсээр байгаа талаар кампанит ажлын хэсгээс мэдэгджээ. Амьтны өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор антибиотик тарьсан тахианы мах идсэнээс болж АНУ-д гэхэд л жилд 23 мянган иргэн амиа алддаг гэсэн тооцоог эрүүл мэндийн судлаачид гаргасан байдаг аж. Тиймээс зоогийн газрууд энэ төрлийн мах хэрэглэхээс татгалзахыг иргэд шаардаж байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт АНУ-ын иргэд “KFC”-ийг антибиотик тарьсан тахианы махаар үйлчлэхээ зогсоохыг шаардаж, 350 хүний гарын үсэгтэй өргөдлийг тус компанийн толгой компани болох “Yum! Brands”-т хүргүүлсэн байна.