Дэлхийн шилдэг 500 компанийн 100 гаруй нь БНХАУ-ынх
“Fortune Global 500" шинэчилсэн жагсаалтыг танилцууллаа. 2016 оны жагсаалтад 100 гаруй БНХАУ-ын компани багтсан нь хамгийн анхаарал татсан өөрчлөлт гэж болохоор байна. АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүр “Walmart” жагсаалтын тэргүүнд бичигдсэн бол удаах байрыг БНХАУ-ын эрчим хүчний “State Grid”, газрын тосны “China National Petroleum” болон “Sinopec Group” шил дараалан эзэлжээ. Харин тавдугаарт европын “Royal Dutch Shell” бичигдсэн байна. Ийнхүү дэлхийн хамгийн том таван компанийн гурван нь БНХАУ-д байрлаж байгаа нь бизнесийн орчны өөрчлөлтийг тодорхой харуулж байна гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Хэдий тийм боловч дэлхийн тэргүүлэх 500 компанийн нийт орлогын хэмжээ өмнөх оноос 11.5 хувиар буурч 27.6 их наяд ам.доллар болсон байна. Энэхүү уналтад ам.долларын ханш чангарсан болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, газрын тосны ханш уналт голлон нөлөөлсөн байна. Орлогын хэмжээгээ хурдацтай өсгөсөн БНХАУ-ын "State Grid" компани 2004 онд эхний тавьд бичигдэж байсан бол өнөөдөр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Мөн 2005 онд "Fortune Global 500"-ийн жагсаалтад арай хийн багтаж байсан "Apple" компани есдүгээр байр хүртэл цойлжээ.