Ангела Меркель дүрвэгсдийн халдлагыг буруушаав
Германы Канцлер Ангела Меркель дүрвэгсдийн явуулсан халдлагуудыг буруушаагаад, цахим харилцаа холбоог хянах замаар терроризмтой тэмцэх арга хэмжээ авахаа амласан байна.
Өчигдөр Берлин хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээ "халдлага үйлдсэн дүрвэгсэд бидний сайхан сэтгэл рүү ус цацлаа" гэж мэдэгдээд "өршөөж боломгүй эдгээр халдлагууд үндэсний аюулгүй байдалд заналхийлж, гэм зэмгүй дүрвэгсдэд гай болж байгааг" сануулав.
"Үүний зэрэгцээ Герман түүхэн сорилттой тулгарч байна. Террористууд Германы эв нэгдэл, нийгмийн сэтгэхүйг сулруулахыг хүсч байна" гэж тэрбээр онцлоод, цаашид бусад улсуудтай мэдээлэл солилцох, цахим харилцаа холбоог хянах зэргээр аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авахаа амласан байна.
Мөн тэрбээр Герман ийм арга хэмжээ авч байгаа хэдий ч дайны хөлөөс дайжса н дүрвэгсдийг хамгаалах зарчмаа мартахгүй гэдгийг дурджээ.
Түүний энэ мэдэгдэл нь уг халдлагуудтай холбоотойгоор дүрвэгсдийг хүлээн авах Германы бодлогод өөрчлөлт оруулахгүй гэдгийг илтгэн харуулсан юм.