"Lotte"-ийн тэргүүн авлигын хэрэгтэй холбоотой уучлал хүсэв
БНСУ-ын хууль хяналтынхан “Lotte” компанийг авлигын хэрэгт холбон шалгаж байгаатай холбогдуулан тус компанийн тэргүүн Шин Дон Бин олон нийтээс уучлал гуйлаа. Тэрбээр мягмар гарагт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр "Ийм асуудал сөхөгдсөнд харамсаж байна" гээд "энэ хүрээнд бүх салбар нэгжүүдээ хамтран ажиллахыг шаардсан" гэлээ. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын хууль хяналтынхан Сөүл хотод байрлах “Lotte” компанийн төв байранд гэнэтийн нэгжлэг хийсэн. Үүнээс болж “Lotte” групп салбар зочид буудлынхаа хувьцааг анхдагч зах зээлд гаргах болон АНУ-ын Атлантад төвтэй “Axiall” корпорацийг худалдан авах хэлцлээ хойшлуулаад байгаа юм. “Lotte” компанийн тэргүүн "Бид “IPO” гаргах ажлыг энэ оны эцэс хүртэл хойшлуулсан" гэж мэдээллээ. Тус компанийн хувьд Өмнөд Солонгост 89 салбар нэгжтэй, 85 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, гэр бүлийн томоохон компани юм.