Аргентины Ерөнхийлөгч оффшор дансан дахь мөнгөө ил болгов
Аргентин улсын Ерөнхийлөгч Маурисио Макри-гийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд 52,9 сая песо /3,7 сая доллар/ байснаа энэ онд 110 сая песо /7,6 сая доллар/ болж хоёр дахин огцом өсчээ.
Тус улсын Хууль зүй, хүний эрхийн яамны дэргэдэх Авлигатай тэмцэх товчооны цахим хуудсанд нийтлэгдсэн төрийн тэргүүний 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгээс /ХОМ/ үүнийг харж болно. Гэхдээ хамгийн ихээр анхаарал татсан зүйл гэвэл, Ерөнхийлөгч Макри хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Багамын арлуудад оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрсөн төдийгүй уг дансанд 18 сая песо /1,3 сая доллар/ байгаа гэдгийг ил тод мэдээлсэн явдал юм.
Макри-гийн эзэмшлийн компани оффшор бүсэд бүртгэлтэй байдаг гэдэг нь “Панамын баримтууд”-ад дурдагдсанаас хойш Аргентины хэвлэлийнхэн энэ асуудлыг олонтоо хөндөн тавих болжээ.
Макри хөрөнгө орлогын мэдүүлгийнхээ хавсралтад дурдсаныг үзвэл, түүний хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн нь зарим үл хөдлөх хөрөнгийнхөө үнэлгээг дахин хийсэнтэй холбоотой гэнэ. 2014 онд тайлагнасан түүний ХОМ-т эдгээр активыг бэлгэ тэмдгийн байдлаар 1 сентаво гэж үнэлсэн аж.
Дөрөвдүгээр сард Аргентины прокурорын газар оффшор бүсийн компаниудтай холбоотой гэдгээ санаатайгаар нуусан гэгдэж буй Ерөнхийлөгч Макри-тай холбоотой дуулианд мөрдөн шалгалт явуулахыг шүүхээс хүсчээ. “Панамын файлууд” гэх шуугиан тарьсан баримтуудад дурдсаныг үзвэл, Аргентины Ерөнхийлөгч Маурсио Макри нь Панамд бүртгэлтэй “Kagemusha SA” гэдэг компанийн захирлын албыг хашдаг байна. Түүнээс гадна, өөрийн эцэг Франко Макри-гийн 1998 онд Багамын арлуудад байгуулсан Fleg Tranding Ltd компанийн захирал ажээ.
Харин Ерөнхийлөгч Макри хууль зөрчсөн гэх үг яриаг эрс няцаагаад, өөрийнх нь татварын тайлан болон бусад бүх баримтуудыг шалгах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.