Дэлхийн хүн амын 40 орчим хувь нь хэт таргалалттай байна
Шинжээчдийн судалснаар дэлхийн нийт хүн амын 40 орчим хувь нь хэт таргалалттай гэсэн тооцоо гарчээ. Хойд болон Өмнөд Америк, Европ, Ойрхи Дорнодын орнуудад хэт таргалалт бусад бүсээс өндөр байдаг хэдий ч өнгөрсөн 33 жилд таргалалтын эсрэг дорвитой арга хэмжээг ямар ч улс аваагүй гэж шинжээчид дүгнэжээ. Чинээлэг улсын иргэдийн хоол, хүнсний хэрэглээ нэмэгдсээр байгаа, олон хүн хөдөөгөөс хот руу чиглэн нүүх болсон, томоохон хотуудад хямд, боловсруулсан бүтээгдэхүүн элбэг байдаг зэрэг нь хэт таргалалтад нөлөөлж буй гол шалтгаан болж байгаа ажээ. Түүнчлэн хүний хийдэг байсан олон үйлдлийг технологийн тусламжтай гүйцэтгэх болсон нь таргалалтад ихээхэн нөлөөлж байгаа юм. Хэт таргалалт нь зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг бөгөөд дэлхий даяар чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байна. 1980 онд дэлхийн хүн амын 4.7 хувь нь чихрийн шижин өвчтэй байсан бол 2014 онд 8.5 хувь болж өсчээ.