Америкчууд Саудын Арабт 116.8 тэрбум ам.долларын "өртэй"
Саудын Арабын тал АНУ-ын 116.8 тэрбум ам.долларын өрийг "эзэмшдэг" болох нь илчлэгдлээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын Саудын Арабт төлөх ёстой нийт өрийн хэмжээ хоёр жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар өссөн байна. “Bloomberg”-ийн сэтгүүлчид мэдээллийн нээлттэй байдлын журмын дагуу АНУ-ын Сангийн яаманд хүсэлт илгээснээр тайланг нээлттэй танилцуулжээ. АНУ-ын Сангийн яам 1974 оноос хойш Саудын Арабын эзэмшдэг Засгийн газрын бондын хэмжээг нууцалж байсан аж. Харин сүүлийн жилүүдэд газрын тосны ханш унаж, Ойрхи Дорнодод ихээхэн хэмжээний хохирол дагуулсан дайн эхэлснээр Саудын Арабын санхүүгийн чадамжид анхаарал хандуулах шинжээчдийн тоо олширсон байна. Үүнтэй холбоотойгоор сэтгүүлч, шинжээчдийн шаардлагын дагуу АНУ-ын Сангийн яам мэдээллийг дэлгэлээ. Харин АНУ-ын хамгийн том өр эзэмшигчдийн жагсаалтад БНХАУ, Япон тэргүүлсэн хэвээр байна.