Их долоогийн уулзалтаар оффшортой холбоотой асуудлыг хэлэлцэнэ
Энэ сарын 26-27-ны өдрүүдэд болох “Их долоо”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы ерөнхий сайд Шинзо Абэ улс төрчдийн оффшор данс болон татвараас зайлсхийхтэй холбоотой асуудлыг тавина хэмээн Японы парламентын дээд танхимын төсвийн байнгын хороонд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. Тэрээр “Татвараас зугатна гэдэг бол маш ноцтой асуудал. Энэ нь татвар төлөгчдийн итгэлийг алдахад хүргэдэг. Их долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтыг даргалагчийн хувьд миний бие олон улсын механизмыг ашиглан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх тогтолцоог бий болгох талаар хэлэлцүүлэг маргаан өрнүүлэх бодолтой байна” хэмээн онцолжээ.
Улмаар дээд хэмжээний уулзалтын үеэр авилга болон татвараас зугтах явдалтай тэмцэх чиглэлд төлөвлөгөө гарган баталж магадгүй хэмээн Японы мэдээллийн Киодо агентлаг дамжуулсан байна. Дашрамд дурдахад, Панамын хуулийн фирмийн нууц баримтуудад тус улсын хэд хэдэн компани болон улс төрчдийн нэрс дурдагдаад байгаа юм. Тухайлбал, Марубэни, Мицүбиши корпораци, үүрэн телефоны оператор Софтбанк зэрэг 20 гаруй компани, 230 хүний нэрс дээрх жагсаалтад багтсан хэмээн Эн-Эйч-Кей суваг мэдээллэжээ.
Дэлхий нийтэд шуугиан тариад байгаа дээрх нууц дансны жагсаалтыг Гонконг ба эх газрын Хятадын төлөөлөгчид толгойлж байгаа юм. Жагсаалтад нэрлэгдсэн хуурамч компанийн 366 мянган компани тус улсын харьяат байх ба алдагдсан нууц баримтын 10 хувь нь буюу 51 мянга нь Хонг Конгод хамааралтай аж. Уг жагсаалтад БНХАУ-ын дарга Си Жиньпиний хүргэн болон төрийн өндөр алдбан тушаалтнууд багтсан нь тус улсын иргэдийг цочирдуулсан мэдээ байлаа хэмээн хууль тогтоогч Кеннет Люн ярьжээ. Улмаар оффшор дансны мэдээлэл цацагдсанаас гурав хоногийн дараа Хятадын мэдээллийн сайтуудыг хаагдаж, “Google” хайлтаас оффшор гэх үгийг хасчээ. Харин БНХАУ-ын мэдээллийн үндэсний агентлаг болох Синхуа агентлаг хэвийн хэмжээнээс гурав дахин бага мэдээлэл цацах болсон байна.