Гал түймрийн цар хүрээ 10 дахин нэмэгджээ
Канадын баруун нутгийн Альберта муж дахь Форт МакМюррей хотод гарсан гал түймрийн цар хүрээ 1 хоногийн дотор 10 дахин нэмэгдсэн байна. Лхагва гарагийн байдлаар 7 мянга 500 га талбайд асч байсан түймэр пүрэв гараг гэхэд 85 мянган га талбайд тархжээ.
85 мянган га газар нутаг нь АНУ-ын Манхэттен хотын нуаг дэвсгэрийг 10 дахин үржүүлсэнтэй дүйцэх өргөн уудам газар нутаг юм. Түймэр гарсан шалтгааныг холбогдох албаныхан тодруулж чадаагүй ч, сүүлийн үед тус бүс нутагт зонхилж байгаа халуун, хуурай цаг агаар, хүчтэй салхи зэрэг нь түймэр газар авахад нөлөөлсөн гэж мэдээлж байна. Канадын Форт МакМюррей хотод газрын тос олборлох томоохон байгууламжууд байрладаг.
Энэ удаагийн гал түймэр газрын тос олборлох байгууламжуудын эсрэг зүгт тархаж байгаа ч, түймрийн цар хүрээ хурдацтайгаар нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим олборлох газрын үйл ажиллагааг түр зогсоожээ. Үүнээс үүдэн Канадын газрын тосны нийлүүлэлт буурч, дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлж эхэллээ.
Сүүлийн саруудад тогтмол буурах хандлагатай байгаа брент маркийн түүхий газрын тосны үнэ Форт МакМюррейн түймэр, мөн Ливид хурцадмал байдал гаарч байгаа зэрэг шалтгаантай холбоотойгоор 2,6 хувиар өсч, 1 баррель нь 45 доллар 77 цент хүрсэн байна.