Пхеньян дэлхийн мэдээллийн аваргуудыг урихаар бэлтгэж байна
Дэлхийн хамгийн сүүлчийн Стилинист улс болох Умард Солонгос дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг энэ долоо хоногт Пхеньянд урихаар бэлтгэж байна. Дээд удирдагч Ким Жөн Уныг төрснөөс хойш, сүүлийн 36 жилд болоогүй Хөдөлмөрийн намын их хурлын гэрч болгохоор шийдсэн нь энэ аж.
Өнөөдөр болох Конгрессийн нээлтийн үеэр ажиглагдах хэдэн зүйлийг дор сийрүүлье.
СҮРТ ЖАГСААЛ
Умард Солонгосын хөдөлмөрчдийн намын долоо дахь удаагийн их хурал “Залуу Маршал” Ким Жөн Уныг тахин шүтсэн бүх нийтийн нэгэн зэрэг үзүүлбэр, цэргийн жагсаал зэргээс бүрдсэн аварга жагсаал Пхеньяны нийслэлд болно хэмээн тооцоолж байна.
Энэхүү арга хэмжээ зожиг үндэстнийг хүчтэй, бие даасан, бахархал төрүүлэм гэдгийг илтгэж, 33 настай ноён Кимийн хэмжээгүй эрхийг дархлах санаархал болох юм. Солонгосын шинжээч Андрей Ланков үгэндээ “Өмнө нь харж байгаагүй сүрт жагсаал чиний сонирхлыг төрүүлэх хэдий ч бидэнд ихийг хэлж өгөхөөр хэрэгцээтэй үйл явдал биш” хэмээв.
ШИНЭЧЛЭЛИЙН ШИНЖ ТЭМДЭГ
Умард Солонгосын зарим ажиглагчийн найдаж буйгаар ноён Ким тусламж, тухайлбал хөрш Хятадаас үзүүлж буй “хаялга”-наас ихээхэн хамааралтай мөхөж буй эдийн засгаа аврах далайцтай шинэчлэлийг намын их хурал дээр зарлаж магадгүй аж. Тус улсын 25 сая иргэн хоол тэжээлийн дутагдалд автагдсан ч улс даяар захууд нь сэргэж, хэрэгцээгээ хангах багахан орлоготой шинэ дунд давхарга гарч ирж байна.
Харин ноён Ланков зэрэг бусад ажиглагч намын их хурлын үеэр сүртэй мэдэгдэл хийнэ гэж үзэхгүй байна. Гэхдээ ноён Ким 1970-аад оны сүүлчээр Хятадын эхлүүлсэн нээлттэй, шинэчлэлийн замыг сонгох алхам хийх өөрчлөлт болох өндөр магадлалтай гэдэгт ажиглагчид санал нэгдэж байна.
НАМЫН ДЭЭД ЭРХ МЭДЛИЙГ ДАХИН ТОГТООХ
Өвөг эцэг Ким Ир Сений байгуулсан Хөдөлмөрчдийн намын эрх мэдэл, дэглэмийг улам сайжруулж, хүчирхэгжүүлэхэд чиглэсэн санаархлаа ноён Ким намын их хурал дээр ярих болов уу гэсэн таамаг байна.
1980 онд болсон намын сүүлчийн их хурлын үеэр Ким Ир Сен өөрийн хүү болох Ким Чен Ир буюу одоогийн дээд удирдагчийн эцгийг өөрийн хууль ёсны залгамжлагч гэдгийг зарлаж байсан. Харин 1994 онд эцгийгээ нас барахад нь залгамжлах эрхээ албан ёсоор хүлээж авсан Ким Чен Ир Умард Солонгосын цэргийн дээд удирдагч болох пакт байгуулж, улс орныг захирах намын эрх мэдлийг бууруулсан түүхтэй.
Гэтэл одоогийн удирдагч Ким Жөн Ун 2011 онд дээд удирдагч болсноос хойш цэргийг хянах, хууль ёсоор захирах эрхээ тэтгэхэд байдал түвэгтэй болж ирсэн. Тиймээс эрх мэдлээ бэхжүүлэх нэг арга зам нь улс төрийн шатлан захирах ёсны дээд эрх мэдэл, байр суурийг Хөдөлмөрчдийн намд буцаан олгох явдал юм.
ТОМИЛГОО
Дүрэмд анх заасны дагуу таван жил тутамд болох их хурлаар намын дээд удирдлагын гишүүдийг сонгодог. Гэсэн хэдий ч яг амьдрал дээр намын дарга бүх шийдвэрийг урьдчилан гаргадаг бөгөөд их хурал дээр санал бүрийг дуу нэгтэй баталдаг билээ.
Их хурал намын уриаг өөрчлөх эрхтэй бөгөөд улс орны гүйцэтгэх удирдлага, нийгэм, эдийн засаг, цэрэг, соёлын салбар ба нам хоорондын харилцааг тодорхойлдог. Ким Жөн Уны чармайлтыг хурдасгах дэмжлэг болгон намын өндөр настай албан тушаалтнуудыг шинэ, залуу боловсон хүчнээр сольж магадгүй хэмээн шинжээчид хүлээж байна.
ПУУЖИН ХӨӨРГӨЛТ
Умард Солонгос АНУ-д тусах чадвартай цөмийн цэнэгт баллистик пуужин бүтээх чармайлтаа нэг шат ахиулаад буй. Нэгдүгээр сард Пхеньян АНУ-ын нутаг дэвсгэрийг газартай нь бүрмөсөн тэгшлэхүйц устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан билээ. Харин сүүлийн хэдэн долоо хоногт умардууд хэд хэдэн удаа пуужин хөөргөх оролдлого нь бүтэлгүйтсэн.
Энэ нь Пхеньяны хэт санаархлыг зогсоосон нь маргаангүй гэж Өмнөд Солонгосын албаныхан хэлсэн. Гэхдээ гадаад орчны заналхийллийн эсрэг цөмийн хамгаалалт хэрэгжүүлэх үүднээс дахин туршилт хийж боломж ноён Кимийн эрх мэдлийн хүрээнд хийгдэж буй гол ажил юм.
ГАДААД ХАРИЛЦАА
Умард Солонгос болон хөрш Хятад хоорондын харилцаанд гарч буй бага ч болов өөрчлөлтийг Вашингтон болон бүс нутгийнхан анхааралтай ажиглаж байгаа. Хятад, Умард Солонгос ойр дотно харилцаатай байсан ч сүүлийн жилүүдэд Пхеньян хэт дайнч хандлагатай болж, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөж эхэлсэн.
Энэ байдал нь Бээжингийн дургүйцлийг төрүүлээд буй. Бээжин умардуудын цөмийн хөтөлбөрийн эсрэг байр суурь баримталж, Кимийн дэглэмийн эсрэг хоригт гарын үсэг зурсан билээ. Гэвч хоёр талын харилцааг хөндийрүүлэх болон хил залгаа бүсэд хүмүүнлэгийн аюул нүүрлэхэд хүргэж болзошгүй бүхнээс зайлсхийж байна.
ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО
Дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд Умард Солонгосын Засгийн газрын урилгаар Пхеньянд айлчлах гэж буйтай холбоотойгоор ирэх долоо хоногт тус улсын талаарх мэдээлэл цензур ихтэй байна.
Үүний шалтгаан нь, тус улсад гадаадын бүх хэвлэл мэдээлэл хатуу хяналт дор үйл ажиллагаа явуулдаг. Сэтгүүлчид эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр хаашаа ч явж, хэнтэй ч мэдээлэл солилцохыг зөвшөөрөхгүй. Тиймээс тус орны бодит байдлыг илтгэх сурвалжлага бараг гарахгүй л болов уу.