Туркийн шүүх сэтгүүлчдэд ял оноожээ
Стамбул хотын шүүх сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлдэг тухай мэдээлсэн сэтгүүлч Жан Дюндар, Эрдем Гюль нарт улсын нууц задруулсан хэргээр шоронд хорих ял оноожээ. Ройтерс агентлаг баасан гарагт ингэж мэдээлсэн байна.
Сөрөг хүчний “Cumhuriyet” сонины ерөнхий эрхлэгч Дюндар 5 жил 10 сар, мөн энэ сонины сурвалжлагч Гюль 5 жилийн ял авчээ. Гэхдээ прокурорын байгууллагаасбүх насаар нь хорихыг шаардсан хоёр сэтгүүлчийг бусад хэд хэдэн хэрэг, түүний дотор төрийн эргэлт зохион байгуулах гэсэн хэргээр цагаатгасан байна.
Давж заалдах өргөдлийг Дээд шүүхэд хэлэлцэх хүртэл Дюндар, Гюль хоёр гадуур байх ажээ.
Ял оноохоос хэдхэн цагийн өмнө шүүхийн байрны өмнө Дюндарыг амь насанд халдах гэж оролдсон байна. Нэг этгээд сэтгүүлчийг буудан алах гэж оролдоод, түүнийг “урвагч” хэмээн цолложээ.Дюндар суманд өртөөгүй бөгөөд буудсан этгээдийг цагдаа нар саатуулсан байна.
Сирийн сөрөг хүчнийхэнд нууцаар зэвсэг нийлүүлж байдаг тухай өгүүлэл бичиж, нийтлүүлсэн Жан Дюндар, Эрдем Гюль нарыг 2015 оны арваннэгдүгээр сард баривчилжээ. Сэтгүүлчдийг террорын зэвсэгт бүлгүүдийг дэмжиж, тагнуул хийсэн хэмээн яллагдагчаар татсан байна.
Энэ мэдээллийг Туркийн засгийн газар няцаасны дараа тус орны ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ерөнхий эрхлэгч, сэтгүүлч хоёрыг шүүхэд өгчээ.Тэр тэдэнд бүх насаар нь хорих ял оноохыг шаардсан байна. Дэлхийн янз бүрийн орны 100 зохиолч туркийн ерөнхий сайд Ахмет Давутоглуд захидал ирүүлж, сэтгүүлчдэд тулгасан зэмлэлийг цуцлахыг шаарджээ.