Сирийн дайн хазарчуудыг хэлмэгдүүлж байна

2016 оны 5 сарын 07

Манайхны шимтэн ярьдаг “хазар”-чууд гэж хэн болох тухай эхлээд бяцхан түүх сөхье. Түүхэндээ бол Цагаадайн хаант улсын бараг өлгий нутаг нь байсан болов уу. Дараа нь Доголон Төмөрийн үетэй этносын хувьд холбогдсон, “Торгоны их замын” түүхэн судас, эдүгээ моголын үр сад–хөх толботой хазарчууд Афганистаны хүн амын нэг хэсгийг нь бүрдүүлдэг.

Fatemioun хэмээх нэртэй афганчуудаас бүрдсэн батальон байлдаж байна

Пуштун хэмээх үндэстэн нь 60 хувь эзэлдгийн хувьд үндсэн афганчууд гэж тэндээ онцгойрч ирсэн, хүн амын 20 орчим хувь нь тажикууд, үлдэх нь чантуу, хазар (Монгол), нуристан, туркмен, белуж, кизильбаш, чараймак, казах, кыргыз гэх мэт олон үндэстэн ястан уулын хавцал ам бүрээр суурьшсан. Хүн амын өсөлт дийлдэхээ больсон тул тэднийг тоолж бүртгэж хүчрэхгүй.

Шашны хувьд ганцхан ислам. 80 хувь нь суннит, 20 хувь шиитийн урсгалыг шүтдэг. Тэр хүн амын 20, шашны цөөнх болох 20 хувь дотор энэхүү хазарчууд багтана.

Судлаач эрдэмтдийн бичиж тэмдэглэснээр тэд XIII-XIV зууны үеийн хэлээ авч үлдсэн (доктор Анатолий Жавинов, Геннадий Шалхаков нарын үзэхээр), перс–иран хэлний бүлэгт багтах хэлтэй. “Хазара” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг, утгачилбал перс хэлээр “мянга” гэсэн тооны нэр. 1995 оны хүн амын тооллогоор Афганистанд 1.7 сая, Иранд 220 мянган хазар хүн байна гэсэн тоо гарсан. Түүнээс хойш ийм тооллого хийгдээгүй билээ.

Доктор Кисляков “Хазарейцы, аймаки, моголы” гэх бүтээлдээ хазарчуудын этногенезийг ираны нэг хэлээр ярьдаг монголоид хүмүүс, Монголын аян дайны үеийн 1000 цэрэг бүхий “мянгат” гэх цэргийн ангиас үүссэн гэжээ.

Тэгвэл эрдэмтэн Бартольд “иранжсан монголчууд”, эрдэмтэн Шурманн Доголон Төмөрийн яргаллаас дүрвэсэн Цагаадайн удмын хаан Никудер гэгчийн албатууд нүүсээр одоогийн Хазарижат бүс нутаг руу ирсэн гэсэн байна. Доктор Темирхановын онолдсоноор, хазарчууд нь монгол, тажик цус холилдсоны үр дүнд буй болсон үндэстэн гэсэн байна. Ийм эшлэл олныг дурдаж болно.

Орчин цагийн хазарчуудын хэлмэгдэл 1990-ээд оноос хойш яригддаг. Афганистаны Лалын Эмират улс 1996–2001 онд оршин тогтносон. Тухайн үед засгийн эрх барьсан талибанчууд хазарчуудыг элдвээр хавчин дарамталжээ.

Хоёр ч шалтгаанаар (пуштун, суннит бишийнх нь төлөө) тэгж хэлмэгдүүлж, Умардын альянсын талд байсных нь төлөө Омар муллагийн үед тэднийг олноор нь хяджээ. Одоо ч талибанчууд тэднийг Афганистанаас гарч явахыг албадаж байгаа ба “Стратегийн хувьд гүн нэвчих” гэгч талибаны бодлогын хүрээнд пуштун бишчүүдийг хөөж зайлуулах ёстой аж. Шиит шашин шүтдэгийнх нь хувьд хазарчуудыг суннит пуштунууд бүр ч үзэхгүй.

Одоо үндсэн сэдэвтээ оръё. Дайн бол дайн. 1918-1922 онд Орост болж өнгөрсөн “Ард иргэний дайн” гэдэгтэй Сирид 2011 оноос өрнөсөн энэ дайн тун төстэй. Тэр үед Орос орон таван сая иргэнээ өвөр хооронд нь хядалцуулж алдсан ба гадаад улс орнууд, гадаадын хүмүүс татагдан орж дайтсан гэвэл олон талаар өнөөгийн Сирийн дүр зураг буухаар юм.

“Дайнаасаа дажин нь” гэгчээр зэвсэглэсэн дайчдаасаа илүүтэй зэвсэггүй энгийн номхончууд нь хамгийн ихээр хэлмэгддэг. Тэгээд элэг нэгтэн, ахан дүүс төрөл садныхан хоорондоо дайтаад эхэлбэл өс хонзон дагуулж, өс авалт хэрээс хэтэрдэг гашуун түүх дэлхий дахинаа үй түм бий.

Сирийн өөрийнх нь олон шашинтан, угсаатнаас гадна гадаадын хэдэн түмэн хүн энэ улсад “ясаа тавь”-сан байна. Тэдний дотор афганчууд үй олон байгаа тухай ойрноос Европт шуугиад эхэллээ.

Европ дахь дүрвэгсдийн олон зуун лагерьт залуу афганчууд, тэдний дотор монгол царайт хазарчууд олон байгаа нь үүний нотолгоо болох аж. Тэд Иран руу цагаачилсан афганы шиит ядуусын хөвгүүд, хувь төөрөг нь “Башар Асадад тусла” хэмээн Аллах явуулсан хэмээн иранчууд тэднийг ятгаж албаджээ.

Иранд афганы гурван сая дүрвэгч байгаа ба нэлээд нь монгол царайт хазарчууд

Афганчуудын “Fatemioun” нэртэй батальон Сирийн Засгийн газрын цэргийн нэг хэсэг болон исламистуудтай олон жил дайтсан болж таарчээ. Мусульман-шиитүүдийн олон үндэстний батальон буюу гадаадын легион гэдгийг Иран зохион байгуулдаг ба монгол царайтнууд тэнд нь олуулаа. Тэднийг “Чингисийн удам” хэмээн хөөргөн сирийн арми өмнөө оруулаад их бууны зууш болгоод тулалддаг юмсанж.

Афганы хазарчууд эх нутгаасаа дайжаад талибаны тамаас зугтаад Иранд ороод ирсэн чинь ираны эрх баригчид тэднийг бөөгнүүлээд Сири рүү шиитийн шашных нь төлөө тулалдуулахаад хүчээр илгээчихдэг гэнэ.

Тэд тулалдана, заримдаа ялна, олзтой, олзолсон цуглуулсныг нь сирийн цэргүүд хураачихна. Эрсдэх, үхэх, олзлогдох аюул ямагт дагалдаастай. Сирид тэднийг өлөн зэлмүүн байлгаж, явган нүцгэнээр нь тулалдаанд хөөж оруулдаг, урвах зугтах нь ердийн үзэгдэл. Бушуухан нь дүрвэгч болж аваад Туркийн хил давах нь тэдний хувьд ганц аврал нь аж. Турк орчихвол яаж ийгээд Европ руу гарчихна.

Эдүгээ Иранд афганы гурван сая дүрвэгч байгаа ба нэлээд нь монгол царайт хазарчууд. Тэд Иранд хоёрдугаар сортын хүмүүс. Байнга оршин суух эрх өгөхгүй, бичиг баримт байхгүй, сурч боловсрох, ажил хийх нөхцөлгүй. Мөн баривчлагдан нутаг буцахвий гэсэн байнгын заналхийллийн дор байна.

Залууст олдох ажил гэвэл Сири явж Асадын төлөө тулалдах. Ираны хувьсгалыг хамгаалах корпусын цэрэг болж шиитийн ариун дагшин газрыг хамгаалах дайнд оролцох нь чухам шиит шашинт болж төрсний аз хэмээн ятгагдаж Сири рүү явагсад цувсаар л. Сири явж тулалдаад удалгүй буцаад ирмэгц иран паспорт олгож, аж амьдралыг нь өөд татаад өгнө гэх ятгалга олон афган залуусыг үхэл рүү нь аваачжээ.

“Fatemioun” гэх олон үндэстний батальоныг (гадаадын легион) Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын офицерууд командална. Цэргийн бэлтгэл тун товчхон, хурдавчилсан курс маягтай. Буу зэвсэгтэй харьцаж сурахад л хангалттай. Тэднийг Ираны зүүн хилийн хот тосгодоос элсүүлэн Тегераны ойролцоох Карчак хэмээх баазад авчирна. Голдуу шөнөөр.

Нууцална, гар утсыг нь хураана. Хоёр долоо хоног баазад дамжаа дүүргэлээ, нэг л өдөр онгоцны буудалд хүргэж, тусгай нислэгээр Сирид хүргэнэ. Сталинградын мэргэн бууч Василий Зайцевын тухай холливудын кино байдаг даа. Ачааны вагоны хаалга нээгдмэгц гал утаа уугисан, цус урссан хотыг харсан шинэ цэргүүд шууд ухарцгаадаг үзэгдэл тэнд бий. Афган, хазар залуус Сирид очоод яг л тийм цочрол авах аж.

Английн профессор Скотт Лукас гэдгийн тооцоолсноор афганчуудыг Сири рүү байлдуулахаар Иранаас илгээх үйл явц 2012 онд эхэлсэн. Тэр үед Асадын цэрэг ялах нь эргэлзээтэй больсон байв. Сиричүүд өөрсдөө халшраад, дайжиж байсан тул афганчуудыг дайчлан тэргүүн шугам руу илгээх адтай санааг иранчууд бодож олжээ.

2012 онд Сирийн армийг дэмжих 50 мянган хүнтэй батлан хамгаалах үндэсний хүчнийг Иранд бүрдүүлж эхэлсэн байна. Иранчууд тийшээ уухайлаад очоогүй. Хүч нь сулхан тул “олон улс”-жуулсан афган, хазар, ливан, ирак, пакистан шиитүүдийг элсүүлж эхлэх нь тэр.

Тэд хүзүүндээ цэрэг гэдгээ нотлох тэмдэгтэй, дайчлагдсан тухай баримт бичигтэй. Ингээд л хар дансанд орж, Сири явж тулалдахаас өөр гарцгүй. Явахгүй гэснийг баривчлан гянданд хийгээд, заримыг нь Афганистан руу албадан хөөжээ. Азгар-Абад хот дахь гянданд хоригдсон хазар залуугийн ярьснаар шоронгийн ихэнх хоригдол торгуулийн батальонд дайчлагдан Сири рүү явжээ.

Тэр хазар залуу бүтэн жилийг Сирид өнгөрүүлж, Дамаскаас Пальмира хүртэл дайны зам туулахдаа танкчин, дараа нь мэргэн буудагч хийж алдар гавьяанд хүрсэн ба сайн байлдсан тул Ирандаа нүүр бардам очжээ. Гэтэл ираны эрх баригчид хэлсэндээ хүрээгүй, тус оронд 30 хоног байх ногоон карт өгч, жолооч хийе гэхэд нь зөвшөөрөөгүй аж. Харин дахин Сирид очиж байлдахыг санал болгожээ. Тиймээс үг дуугүй оргон, дүрвэгсдийн эгнээнд явсаар Европт очсон байх юм.

Хүний эрхийг хамгаалах зарим байгууллагын мэдээгээр Иранаас нийт 10 мянган афганчуудыг албадан Сири рүү аваачиж байлдуулжээ. Харин Ираны ГХЯ-ны албан мэдээгээр бол тэдгээр афган иргэд бол бүгд “сайн дурын”-хан гэнэ.

Тэднийг хэн ч албадаагүй, ятгаагүй байхад тэд сэтгэл зүрхээрээ шиитийг шашны ариун нандин шүтээнээ цээжээрээ хамгаалахаар мордсон гэнэ. Иранд өдөр бүр биш гэхэд долоо хоногт дор хаяад ганц удаа Fatemioun-ы дайчдын оршуулгын ёслол тохиодог. Сирид сирийн арми Башар Асадын дэглэмийн төлөө амиа зольж байгаа ч Иранд шороонд булагдаж буй афганчууд шиг ч арай олуулаа биш болов уу.

Эдүгээ Алеппогийн төлөө их тулалдаанд сирийн арми, оросын нисэх хүчин, ливаны хезболлачууд, мөн ираны гадаадын легион, афган, хазарын сайн дурынхан мөр зэрэгцэн тулалдлаа!  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32841
0 эможи
keyboard_arrow_up