Apple компани iphone-ны худалдааны тэмдгээ Хятадын компанид алдлаа

2016 оны 5 сарын 05

Apple компани iphone утасны худалдааны тэмдэг ашиглах эрхээ Хятадын савхин эдлэлийн компанид алдсан тухай CCTV агентлаг мэдээллээ. Iphone утасны худалдааны тэмдгийг Хятадын нэгэн компани ашиглах болсноор Apple компани тус компанийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. Гэвч Бээжин хотод болсон тус шүүх хурал дэлхийн хамгийн том технологийн компанийн эсрэг шийдвэр гаргасан байна. Учир нь Хятадын арьсан эдлэл үйлдвэрлэдэг Шинтон Тианди компани iphone утас дөнгөж зах зээлд нэвтэрч эхэлж байхад буюу 2007 онд Apple компаниас түрүүлэн тус худалдааны тэмдгийг өөрийн нэр дээр бүртгүүлжээ.
Хятадын Хууль зүйн яамны дэргэдэх Legal Daily сонинд Хятадын Дээд шүүх “Шинтон Тианди компани “iphone” худалдааны тэмдгийг өөрийн савхин эдлэлийн бараа бүтээгдэхүүндээ үргэлжлүүлэн хэрэглэж болно” гэсэн шийдвэр гаргасан тухай нийтэлжээ. Харин Apple компани энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна.  
Дашрамд дурьдахад, Apple компани iphone-ийн худалдааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтээ анх 2002 онд Хятадад өгсөн ч 2013 он хүртэл баталгаажаагүй аж. Харин энэ хугацаанд буюу 2007 онд Хятадын компани амжиж бүртгүүлжээ.

Apple компани 2012 онд мөн л Хятадад асуудалтай байсан. Тухайн үед ipad-ийн худалдааны тэмдгийн маргаантай асуудлаар заргалдсаны эцэст Apple компани 60 сая ам.долларын төлбөр төлснөөр ipad-ийн худалдааны тэмдгийг авч үлдэж, зарга эцэслэж байсан удаатай.

Том компаниудын худалдааны тэмдгийг жижиг компаниуд байнга ашигладаг нь АНУ-ын Оюуны өмчийн газарт тулгарч буй гол асуудал болжээ. Тэдний ихэнхи нь БНХАУ-д бүртгэлтэй байдаг аж. Түүнчлэн олон улсад танигдсан ч өөрийн бус нутагтаа хараахан бүртгүүлж амжаагүй худалдааны тэмдгийг хуурамч бараа үйлдвэрлэдэг жижиг компаниуд өрсөн бүртгүүлэх нь түгээмэл үзэгдэл болоод байгаа тухай АНУ-ын Оюуны өмчийн газар дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32731
0 эможи
keyboard_arrow_up