АНУ-д автомашины борлуулалт нэмэгджээ
Дөрөвдүгээр сард АНУ-ын зах зээлд 1.51 сая автомашин зарагдаж, сүүлийн 11 жилийн амжилтыг эвдсэн тухай “АutoData” судалгааны төвийн тайланд тусгажээ. Харин зарим үйлдвэрлэгчид энэхүү үзүүлэлтэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал “Nissan Motor” компани борлуулалтын урамшууллaa 12 хувиар нэмэгдүүлж, автомашин тус бүрт дунджаар 3300 ам.долларын нэмэлт зардал гаргасан байна. Харин “General Motors”-ийн удирдлага автомашины үнийг 10 орчим хувиар хямдруулах шийдвэр гаргажээ. Edmunds.com-ийн шинжээчид "Борлуулалт өссөн ч үйлдвэрлэгчдийн ашиг төдийлөн нэмэгдэхгүй" гэж дүгнэж байна. Тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд өрсөлдөөн ширүүссэнээр салбартаа тэргүүлэгч “BMW”-ийн I улирлын ашиг 2.5 хувиар буурчээ. “Mercedes”, “Tesla Motors” зэрэг компаниуд зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн нь “BMW”-ийг үнээ буулгахад хүргэсэн байна. Тус компанийн тайланд тусгаснаар автомашины дундаж үнэ 5.9 хувиар буурч, 39 мянган ам.доллар болжээ. Харин Европт автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Volkswagen”-ийн борлуулалт 9.7 хувиар буурсан байна.