Францад Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 120 хүнийг баривчлав

2016 оны 4 сарын 29

ПАРИС. /TASS/. Францын Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 120 гаруй хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Бернар Казнев мэдэгджээ.

Тэрбээр мөн жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр цагдаагийн 24 ажилтан гэмтэж бэртсэний гурав нь хүнд гэмтэл авсан болохыг мэдээлсэн байна.

Пүрэв гарагт болсон эсэргүүцлийн ажиллагаанд 170 мянга орчим хүн оролцсон гэж Францын эрх баригчид мэдээлж байгаа бол үйлдвэрчний эвлэлүүдийн хувьд 500 мянгаас доошгүй хүн оролцсон үзэж байгаа аж.

Олныг хамарсан эмх замбараагүй байдал эхлээд Нант, Ренн хотуудад, дараа нь Марсельд дэгдсэн байна. Харин үдээс хойш нийслэл Парис хотод эмх замбараагүй байдал үүсчээ. Францын нийслэл дэх Бүгд Найрамдах Улсын талбай орчимд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Жагсагчдыг тараахын тулд хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэжээ.

Хөдөлмөрийн хуулийг либералчлах хуулийн төслийг Засгийн газраас санал болгосон нь Францад хоёр дахь сардаа үргэлжилж буй эсэргүүцлийн ажиллагаа өрнөх шалтгаан болсон байна. Уг хууль нь хөдөлмөр эрхлэлтийн салбарын байдлыг сайжруулах, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн гэж Елисейн ордон мэдэгдэж байгаа юм. Гэвч энэ санаачилга нь үл ойлголцол үүсгэжээ.

Францын үйлдвэрчний эвлэлүүд уг хуулийн төслийг батлах нь “түүхэнд бичигдэхээр ухралт” болно гэж мэдэгдээд ийм маргаантай шинэчлэл хийхээсээ татгалзахыг Засгийн газарт уриалсан байна. Гэвч Засгийн газар ухарч няцах бодолгүй байна гэж Францын Ерөнхий сайд Манюэль Вальс мэдэгджээ. Уг хуулийн төслийг тавдугаар сарын 3-нд парламентаар хэлэлцүүлж магадгүй байна.

Францад эсэргүүцлийн ажиллагаа гуравдугаар сарын эхээр эхэлсэн бөгөөд намжих шинж тэмдэг одоогоор алга байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32430
0 эможи
keyboard_arrow_up