Обама Хирошимад айлчилна гэх мэдээллийг Японы сайд няцаав
ТОКИО. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тавдугаар сард Японы Хирошима хотод түүхэн айлчлал хийнэ гэх мэдээллүүдийг Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида үгүйсгэв.
Хэрвээ энэ айлчлал тохиосон бол Барак Обама дэлхийн II дайны үед атомын бөмбөгөнд нэрвэгдсэн хотод айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох байлаа.
АНУ болон Японы Засгийн газрууд Обамагийн Хирошимад хийх айлчлалыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж АНУ-ын эх сурвалж мэдэгдсэнийг “Nikkei Asian Review” сэтгүүлд иш татан дурджээ.
"Их 7"-гийн бүлгийн /АНУ, Канад, Франц, Герман, Их Британи, Итали, Япон/ дээд хэмжээний уулзалт ирэх сард Японы Кашико аралд болох юм.
АНУ-ын “B-29” бөмбөгдөгч онгоц 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошимо хотод цөмийн бөмбөг хаяж, 140 мянга орчим хүний амийг хөнөөсөн билээ. Харин хоёр дахь атомын цохилтыг гурав хоногийн дараа Нагасаки хотод хийж, 70 мянга орчим хүний амийг хөнөөснөөр япончууд бууж өгөхөд хүрчээ.