“Mitsubishi Motors” компаний удирдлагууд уучлал хүслээ

2016 оны 4 сарын 21

Японы автомашин үйлдвэрлэгч “Mitsubishi Motors” компани шатахуун зарцуулалтын талаарх мэдээллээ хэрэглэгчдэд буруу өгсөн гэж Японы Засгийн газрын холбогдох албанаас мэдээлсэн байна. Тухайлбал “Mitsubishi Motors” компани автомашины шатахуун зарцуулалтын шалгалтад заль хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрснөөр “Volkswagen”-ийн хямралтай төстэй үйл явдал давтагдаж болзошгүй байна. Дээрх мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 15 хувиар буюу сүүлийн 12 жил ажиглагдаагүй хэмжээгээр огцом унаж, зах зээлийн үнэлгээ нь 721 тэрбум иен болжээ. Арилжааны төгсгөлд ханшийн уналт 17 хувь буюу өдрийн дээд хязгаарт хүрсэн нь 2004 оны долдугаар сараас хойш байгаагүй үзүүлэлт болж байна. “Mitsubishi Motors”-ийн Ерөнхийлөгч Тецуро Айкава лхагва гарагт хэвлэлийн бага хурал хийж хэрэглэгчид, түншүүдээсээ хүлцэл өчиж байгаагаа илэрхийлжээ. Албан эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн гурван жилд үйлдвэрлэсэн 625 мянга орчим бага оврын машины шатахуун зарцуулалтыг 10 хувиар бууруулж, худал мэдүүлсэн нь тогтоогдсон аж. Эдгээр автомашины гуравны хоёрыг “Nissan Motor” компанид нийлүүлсэн байна. Тецура Айкавагийн хэлснээр “Mitsubishi Motors” компани 2002 оноос хойш Японы стандартад нийцээгүй аргачлалаар суудлын автомашины туршилт хийж байжээ. Одоогоор туршилтын стандарт бус аргачлал нь автомашины шатахуун зарцуулалтыг буруу мэдээлэхэд нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс өмнө дээрх компани 2000 онд хүний амь үрэгдэхэд хүргэсэн автомашины доголдлыг нуусан хэрэгт буруутгагдаж, дампуурлын ирмэгт тулж байсан юм. Гэхдээ “Mitsubishi Group”-ийн компаниудаас санхүүгийн тусламж авснаар үйл ажиллагаагаа тогтворжуулж чаджээ. Тус компани 15 шахам жилийн өмнөх алдааны улмаас зах зээлд эзлэх хувиа алдаж, хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн олж авахад голлон анхаарах болсон ажээ. Өмнөх оны 12 дугаар сарын байдлаар тус компанийн бэлэн мөнгөний хэмжээ 484 тэрбум иен буюу “Toyota Motor”-ийн тайлагнасны 10-ны нэгтэй тэнцэж байсан байна. Тиймээс энэ удаагийн алдаа компанийг бүрэн сөхрүүлж болзошгүй гэж Токиогийн Авто холбооны шинжээчид дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32003
0 эможи
keyboard_arrow_up