Японы Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас 44 хүн амиа алдаад байна
Японы Кумамото мужид болсон хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас 44 хүн амиа алдсаныг тус улсын хэвлэл, мэдээллүүд мэдээллээ. Хоргодох байранд байгаа иргэдийн тоо 94 мянга орчим болжээ. Барилгын нурангид даруулсан иргэдийн амьд үлдэх магадлал 72 цаг байдаг гэж үздэг. Иймээс тус улсын Онцгой байдал, дотоодыг хамгаалах албаныхан, цагдаагийнхан болон АНУ-ын тусламжийн баг зэрэг 30 гаруй мянган албан хаагч аврах ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж байна. Кумамото мужийн захиргаанаас мэдээлснээр 2200 гаруй барилга нурж, 185 мянга гаруй айл өрх, ус цахилгаангүй болоод байгаа ажээ. Зарим тосгоны зам хаагдсан тул тусламжийн цуваа хүрээгүй хэвээр байгаа юм. Газар хөдлөлтийн улмаас Кумамото мужид үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Ялангуяа автомашин үйлдвэрлэгч “Toyota”, “Nissan”, “Mitsubishi”, “Daihatsu”, “Honda” зэрэг компаниуд дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоогоод байгаагаа мэдээлжээ. Харин өнөөдрөөс нисэх буудлууд хэвийн ажиллаж эхэлсэн байна. Газар хөдлөлтийн бүс нутагт одоо ч бага хэмжээний чичирхийлэл үргэлжилсэн хэвээр байгаа аж.