Prada: Онлайн худалдааны бизнесээ өргөжүүлнэ
Сүүлийн хоёр жилд борлуулалтын өсөлт нь зогсоод байгаа Италийн “Prada” компани шинэ загварын илүү хямд үнэтэй гар цүнхийг танилцуулж, онлайн худалдааны бизнесээ хоёр дахин өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тус компанийн Стратеги маркетинг хариуцсан захирлын мэдээлснээр үүнээс гадна зарим дэлгүүрүүдээ хаах замаар зардлаа бууруулж, санхүүгийн шинэ загварт шилжихээр зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн дүнгээр “Prada” компанийн орлого таван жилийн доод цэгтээ хүрээд байгаа юм. “Prada”-ийн гол зах зээл БНХАУ-д тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний эрэлт буурч байгаатай зэрэгцээд олон улсад ам.долларын ханш чангарч байгаа нь салбарын бүхий л компаниудад хүндээр тусч байгаа ажээ. Иймээс шинэ төлөвлөгөө, бизнес моделийг ээлж дараалан танилцуулж эхэлсэн байна. “Prada”-ийн төлөвлөгөөнд багтсан 1300-1400 еврогийн үнэтэй шинэ загваруудын эрэлт өндөр байна гэдэгт тус компанийн удирдлагууд итгэлтэй байна. Мөн ирэх хоёр жилд багтан онлайн хэлбэрээр илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгох замаар борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.