"Их 7"-ийн уулзалт өндөрлөлөө
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах шийдвэрийг БНХАУ-ын Засгийн газар дэмжсэнд талархаж байгаагаа" илэрхийлсэн юм. Энэ удаагийн “Их 7”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдал ялангуяа энэ онд XXI зуун гарснаас хойших дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаа хийгээд байгаа БНАСАУ-ыг цөмийн зэвсэг эзэмшихээс сэргийлэх тухай ярилцсан байна. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист баримтлах БНХАУ-ын түрэмгий бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. БНХАУ-ын Засгийн газар Вьетнам, Филиппин, Япон зэрэг оронтой эзэмшлийн маргаантай бүсэд хиймэл арал байгуулж, усан замын 80 хувийг эзэмших ёстой гэсэн байр суурь баримталж байгаа ажээ. Уулзалтын дараа Их Британи, Канад, Франц, Япон, Герман Итали, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар цөмийн бөмбөгдөлтөд өртөж амь үрэгдсэн Хирошимагийн иргэдийн дурсгалд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хирошимагийн бөмбөгдөлтөөс хойш тус хотод зочилж байгаа АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтай төрийн албан хаагч болж байгаа юм. Тэрбээр "Түүхэн сургамжийг марталгүй, илүү сайхан ирээдүйг цогцлоох ёстой" гэж онцолжээ.