Европын Комисс визгүй зорчих нөхцлийг санал болгож магадгүй
МОСКВА. /Kommersant/. Нидерландад болсон санал асуулгын дүнгээс үл хамааран Европын Холбоо /ЕХ/ болон Украины хооронд харилцан визгүй зорчих нөхцлийг бий болгох саналыг Европын Комисс дөрөвдүгээр сард ЕХ-нд санал болгож магадгүй байна. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч П.Порошенко өмнө нь “Европын Комиссын зүгээс визгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх санаачилга гаргахыг хүлээж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Тэрбээр хэлэхдээ “Украин улс ЕХ-нд нэгдэх тухай хэлэлцээр өөрчлөгдөхгүй, энэ хэлэлцээр одоо ч хэрэгжиж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны бүсийн тухай тохиролцоог дурдаж болно. украинчууд визгүй зорчдог болно гэдэгт найдаж байна” гэжээ.
Сануулан дурдахад, энэ сарын 6-ны өдөр ЕХ-нд Украин улс нэгдэх тухай хэлэлцээрийг батлах эсэх асуудлаар явуулсан санал асуулга Нидерландад болоход иргэдийн 60 гаруй хувь нь эсрэг санал өгсөн билээ.
Үйл явдал цаашдаа хэрхэн өрнөж болох вэ гэдэг тухайд дараах хувилбар байна. Нидерландын парламент Украинтай хэлэлцээр байгуулахыг үгүйсгэсэн шийдвэр гаргаваас Киевтэй харилцах харилцааг зохицуулах гол баримт бичгийн заалтуудыг ЕХ биелүүлнэ гэдэг нь эргэлзээтэй болно. Ийм учраас ЕХ-Украины нэгдлийг аврах үүднээс тус холбооны удирдагчид хууль эрхзүйн гарц хайж эхэлнэ. Харин санал асуулгатай холбоотойгоор Украинд олны дургүйцэл бухимдал газар авснаар Европын интеграцид нэгдэх зорилго нуран унасны хариуцлагыг Ерөнхийлөгч Петр Порошенко-д тохож эхэлж магадгүй юм.