Австри улс Монгол цагаачдыг гаргахаа мэдэгджээ
Гадаад хэргийн яамнаас зарлан явуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурал боллоо.
Өнгөрөгч долоо хоногт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт, Бахрейн улсад айлчилж Гадаад хэргийн сайдуудтай уулзалт хийжээ.
Гадаад хэргийн сайдын Бахрейнд хийсэн айлчлал тус улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ үеэр хоёр улс банк санхүүгийн салбарт хамтран ажиллаж, Бахрейн Улсад Монголын урлаг соёлын өдрүүдийг зохион байгуулахаар болсон байна.
Хэвлэлийн хурлын үеэр Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр ирэх сонгуульд гадаадад амьдарч буй Монгол Улсын хэчнээн иргэн санал өгөх талаар “Гадаад орнуудад нийт 125 мянган Монгол иргэн амьдарч байгаагаас өнгөрсөн 2012, 2013 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар дунджаар таван мянга гаруй буюу нийт иргэдийн тав орчим хувь нь л сонгуульд саналаа өгсөн.
Ирэх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг бид хэлэлцэж байгаа. Сонгогчдыг бүртгэх ажил сонгууль эхлэхээс 14 хоногийн өмнө явагдана. Сонгуулийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай улс болгонд явуулах боломжтой” гэлээ.
Мөн тэрээр Европын орнууд цагаач иргэдийг улсаасаа гаргах шийдвэрийг гаргаад байгаа. Одоогийн байдлаар Австри улсаас ийм бичиг ирээд байгаа бөгөөд тус улсад Монгол Улсын 2500 гаруй иргэн сурч, амьдарч байна. Үүнээс мянга гаруй иргэн амьдрах эрхийн зөрчилтэй буюу хууль бусаар амьдарч байгаа” гэв.